Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн агсан Пап Францистай салах ёс гүйцэтгэв

Пап Францис Монголын ард түмнийг сүсэг бишрэл, оюун санааны эрх чөлөөний бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлж, даян дэлхийн амар амгалан, энх тайвны төлөөх үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн юм
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн агсан Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд Монгол Улсын төр засгийг төлөөлж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, хүндэтгэл илэрхийлэв. Буэнор-Айресийн хамба Хосе Марио Берголио 2013 онд Папаар сонгогдсоноосоо хойш дэлхийд энх тайвныг цогцлоох, ард түмэн хоорондын харилцан хүндэтгэлийг бэхжүүлэх, энэрэл нигүүлслийг хүн төрөлхтөнд түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм билээ. Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцааны түүхэнд төрийн тэргүүний түвшинд Пап Францис манай улсад 2023 онд төрийн айлчлал анх удаа хийсэн бөгөөд уг айлчлал хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээсэн. Төрийн айлчлалынхаа үеэр Пап Францис Монголын ард түмнийг сүсэг бишрэл, оюун санааны эрх чөлөөний бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлж, даян дэлхийн амар амгалан, энх тайвны төлөөх үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн юм.