Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав

Элчин сайд Л.Зенг Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг эрэлхийлж, иргэд хоорондын харилцааг дэмжиж, урлаг, соёлын солилцоог идэвхжүүлэхээр зорьж буйгаа онцлов
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзан, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав. Номхон далайн бүс нутаг дахь Монгол Улсын ойр дотны түнш, “гуравдагч хөрш” Австрали Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ боловсрол, уул уурхай, эрдэс баялаг, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг олон салбарын хүрээнд өргөжин тэлж, улмаар нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг Төрийн нарийн бичгийн дарга тэмдэглэв. Тэрбээр манай хоёр улс цаашид хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломж, ирээдүй байгааг онцолж, Элчин сайд Л.Зенгэд хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэхэд нь ажлын өндөр амжилт хүсэн ерөөв. Элчин сайд Л.Зенг Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг эрэлхийлж, иргэд хоорондын харилцааг дэмжиж, урлаг, соёлын солилцоог идэвхжүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр зорьж буйгаа тэмдэглэв.