Европын охидын математикийн XIV олимпиадаас 3 хүрэл медальтай ирлээ

Манай сурагчдаас А.Ану, А.Мишээл, Б.Оюунбилэг нар хүрэл медалиар энгэрээ мялаасан бол Б.Оюунбилэг тусгай байр эзэлжээ
Косовогийн нийслэл Приштина хотод болсон Европын охидын математикийн XIV олимпиадаас манай улсын сурагчид гурван хүрэл медаль, нэг тусгай байрын шагнал хүртлээ. Энэ удаагийн олимпиадад 56 орны 230 эмэгтэй сурагч оюун ухаанаа уралдуулсан бол манай улсаас “Эрдмийн хишиг” сургуулийн Н.Болор, “Орчлон” сургуулийн А.Мишээл, “Хархорин” сургуулийн Б.Оюунбилэг, нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагч А.Ану нар багийн ахлагч Т.Хулан, дэд ахлагч С.Цогзолмаа нарын удирдлага дор оролцжээ. Манай сурагчдаас А.Ану, А.Мишээл, Б.Оюунбилэг нар хүрэл медалиар энгэрээ мялаасан бол Б.Оюунбилэг тусгай байр эзэлж, монголын баг 56 орноос 33 дугаар байрт шалгарчээ. Уг олимпиадад оролцогчид хоёр өдрийн турш тус бүр гурван бодлогыг 4 цаг 30 минутын хугацаанд бодож өрсөлдсөн аж.