“Монголын Байгалийн Шилдэг Гэрэл Зураг-2024” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Монголын Байгалийн Шилдэг Гэрэл Зураг-2024” олон улсын уралдааны шилдэг 44 зургаар Байгалийн түүхийн музейд үзэсгэлэн гаргаж байна. Тус үзэсгэлэн 2025 оны 5 сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Монголын Байгалийн Гэрэл Зурагчдын Нийгэмлэг, Байгалийн Түүхийн Музейтэй хамтран "Монголын Байгалийн Шилдэг Гэрэл Зураг" уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Тус уралдаан нь гэрэл зургаар дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсад соёлын өвөө сурталчлан таниулах, онгон байгаль, зэрлэг амьтадыг хайрлан хамгаалахад хүн бүрийг сэдэлжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг бөгөөд олон улсын уралдаан гэдгээрээ онцлогтой. “Монголын Байгалийн Шилдэг Гэрэл Зураг-2024” олон улсын уралдаанд өнгөрсөн жил нийт 14 улсын 110 уран бүтээлч 630 гаруй бүтээлээ ирүүлжээ. Үүнээс шилдэг 44 зургийг шалгаруулж Байгалийн түүхийн музейд түр үзэсгэлэн гаргалаа. Тус үзэсгэлэнг 2025 оны 5 сарын 4-ний өдрийг хүртэл бүтэн нэг сарын хугацаанд дэлгэж олны хүртээл болгох юм. Одоо үргэлжлүүлэн Байгалийн түүхийн музейн Үзүүлэг, үзэсгэлэнгийн хэлтсийн дарга О.Соронзонболдын яриаг хүргэе.
О.Соронзонболд: Байгалийн гэрэл зураг гэдэг нь өөрөө нэг талаараа байгаль хамгааллын асуудлыг нийгэмд сурталчилж байдаг. Нөгөө талаараа ямар сайхан байгальтай юм бэ ямар хайрламаар зэрлэг амьтантай юм бэ гэдгийг олон нийтэд болон хүүхэд залуучуудад ойлгуулж экологийн боловсрол олгох ач холбогдолтой. Мөн байгалийг хайрлах үзэлд гэрэл зургаар дамжуулан хүмүүсийн санаа бодлыг өөрчлөх зорилготой байдаг. Монголын Байгалийн Шилдэг Гэрэл Зураг уралдаан нь монгол ахуй, байгаль, зэрлэг амьтан, агаарын зураг гэсэн 4 номинацийн хүрээнд болдог. Энэ уралдаан нь олон улсын уралдаан учраас олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнтэй. 2024 онд уран бүтээлчид 600 гаран бүтээл ирүүлснээс 4 төрөлд шилдгүүдийг тодруулаад үзэсгэлэн гаргаж байна. Олон улсын уралдаан учраас интернэйшнл веб сайттай. Ихэвчлэн Европын орнууд болон Японоос зурагчид их ордог. Сүүлийн үед БНХАУ-ын уран бүтээлчид бас их орж байна. Гэрэл зураг бол ийм л хил хязгааргүй зүйл шүү дээ. Бидний хувьд байгалийн гэрэл зургийг мэргэжлийн тал руу хандуулж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нэр төр, өнгө үзэмж, байгаль, ан амьтан зэргийг мэргэжлийн талаас нь авсан гэрэл зураг байх гэсэн гол шалгуур үзүүлэлтийг бид чухалчилж үздэг.
"Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг" нь 2020 онд албан ёсоор үүсгэн байгуулагджээ. Байгалийн гэрэл зургаар дамжуулан монгол орны аялал жуулчлалыг сурталчлах, монголын байгалийн гэрэл зурагчдын бүтээлийг олон улсын тавцанд гаргаж, зурагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилготой нээлттэй гишүүнчлэлтэй байгууллага юм. Тус нийгэмлэгт одоогоор 25 гэрэл зурагчин бүртгэлтэй бөгөөд дотоодын болон гадаадын тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож байна. Нийгэмлэгийн гишүүдийнхээ мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх тал дээр анхаарч дэлхийн мастер гэрэл зурагчдыг урьж ирүүлэн лекц, семинар, уулзалтуудыг хийдэг талаараа Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Ганбаяр ийнхүү ярилаа.
Э.Ганбаяр: Нийгэмлэгээс энэ тал дээр нэлээд ач холбогдол өгч ажилладаг. Бид нар гаднын гэрэл зурагтай хамтарч сургалтууд авдаг. Мөн дотоодын мастер гурван гэрэл зурагчин манай нийгэмлэгт харьяалалтай байдаг. Тэдгээр зурагчид бас сургалтууд явуулдаг. Монголынхоо байгалийн сайхан, ан амьтан, соёлыг түгээх үүднээс гадаадын улс орнуудад үзэсгэлэн гаргадаг. Сүүлийн жилүүдэд Польш, Австрали, АНУ-д үзэсгэлэнгүүдээ гаргаад залуу уран бүтээлчдийнхээ шилдэг зургуудыг сурталчилсан. Мөн тухайн орныхоо гэрэл зургийн нийгэмлэгүүдтэй хамтарч чөлөөт уулзалтууд болон гэрэл зургийн хөгжлийн талаар хамтарсан ярилцлага сургалтуудыг хийдэг. Энэ жил бид нар 6 сарын эхээр Япон улсад гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргана. Тэнд манай залуу гэрэл зурагчид болон шинэ гишүүдийн маань зургуудаар дэлгэгдэнэ. Харин ирэх намар Канад улсад бас үзэсгэлэн гаргаж, Канадын гэрэл зургийн холбоотой хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Мөн Канадын гэрэл зурагчдыг Монголдоо авчирч гэрэл зургийн хамтарсан аялал зохион байгуулах юм.
“Монголын байгалийн шилдэг гэрэл зураг” олон улсын уралдаанд тавигддаг ерөнхий шаардлагуудын хувьд гэрэл зураг нь Монгол оронд 2023, 2024 онуудад авсан бүтээлүүд байна. HDR хийх stacking хийхийг зөвшөөрөх бөгөөд Dodge болон Burn арга барилыг ашиглахыг зөвшөөрнө. Харин, гэрэл зурагт фотошопоор өөрчлөлт хийж засварласан тохиолдолд хүчингүйд тооцно. Зургийн хэмжээ нь 1980х1500 см байх бол нягтшил нь 72 /DPI/ байхаар заадаг байна. Мөн гэрэл зургийн хэмжээг хүлээн авснаас хойш өөрчлөх боломжгүй бөгөөд гэрэл зургийг jpg форматаар хадгалж, 5MB-аас хэтрэхгүй байхаар заажээ.
Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Ганбаяр: Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг маань байгуулснаасаа хойш 2 жилийн даргаас ямар зохион байгуулалтаар яаж явах вэ гэдэг асуудал гарсан. Ингээд харж байсан чинь гадны улс орон болгон дотоодын гэрэл зургаа гадагшаа сурталчлахын тулд олон улсын уралдаан зохион байгуулдаг тийм туршлагууд байгаад байсан. Харин манай Монголд өмнө нь олон улсын ийм уралдаан ерөөсөө болж байгаагүй. Ийм учраас Монголынхоо байгалийн гэрэл зургийн олон улсын уралдааныг анх Монголдоо зохион байгуулж эхэлсэн. Одоо ингээд анзаараад байхад уралдаан маань улам томорч байна. Анх 6 улсын хүмүүс оролцдог байсан бол 10 болж өргөжөөд, 2024 онд 11 улсаас зураг хүлээж авсан байна. Өөрсдийгөө ямар зураг авч байна вэ гээд монголчууд монголчуудынхаа нүдээр хараад байдаг. Гэтэл дэлхийн дахинд гаднынхан бид нарыг ямар нүдээр хардаг вэ гэдэг их өвөрмөц байсан учраас энэ уралдааныхаа шүүгч нарыг бид нар дандаа Монголд гэрэл зураг авч байсан, Монголын тухай мэддэг, Монголд олон удаа аялж байсан дэлхийн хамгийн алдартай гэрэл зурагчид болон Монголын мастер гэрэл зурагчдыг оролцуулаад ерөнхийдөө 7-гоос 9 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын шүүгчдийн баг бүрдүүлсэн. Уралдаанд ирж буй зургийн хувьд ямар онцлог харагдаж байна вэ гэхээр сүүлийн үед манайд агаарын буюу дроны гэрэл зургууд нэлээн хөгжиж байгаатай холбоотой бид нарын хараагүй өнцгүүд их гарч байна. Мөн манай залуу зурагчид маш ихээр идэвхийлэн шинэ өнцөг, шинэ байгаль, буюу хүмүүсийн өмнө нь харж байгаагүй байгалийн сайхан үзэсгэлэнгүүдийг зургийн хальснаа буулгаж чадаж байна. Тэрхүү сонин содон өвөрмөц өнцгүүдээ энэ зургийн уралдаанд оруулж байгаа нь хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байна. Өнгөрсөн жилийн уралдаанд залуу зурагчин Батсүхийн Хөвсгөлийн Дэлгэрхаан уулын сонирхолтой зургууд орсон. Мөн зурагчин Эрдэнэбулганы байгалийн алсад, гүнд байдаг газруудыг дарсан зургууд үзэгчдийн анхаарлыг их татсан.
Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд дэлхийн хэмжээний 8 гэрэл зурагчин ажилладаг байна. Үүнд: АНУ-ын Мастер зурагчин, гэрэл зургийн багш, Дан Буркхолдер, Оросын гэрэл зурагчин Даниeль Кордан, Дэлхийн шилдэг хөрөг зургийн наадмын 2021, 2022 оны шагналт Жатeнипат Кетпрадит, Канадын Мэргэжлийн гэрэл зурагчин Майк Дреу, Монголын Мастер гэрэл зурагчин, Соёлын гавьяат зүтгэлтэн Октябрь нарын зурагчид багтжээ. Эдгээр шүүгчид уралдаанд ирсэн гэрэл зургийг өөрсдийн компьютероос алсаас харж шалгаруулалтыг хийдэг байна.
Цаг хугацаа, түүхийн гэрч болон үлддэг гэрэл зураг хэмээх гайхамшигт урлагийг XV зуунаас үүсэлтэй гэж үздэг. Гэвч түүнээс өмнө алдарт Аристотель болон Хятадын эрдэмтэн Мо Ди нар "Рinhole camera" хэмээх нэгэн багаж бүтээснээс эхлэлтэй аж. Тэдний бүтээсэн багажны бүтэц дээр тулгуурлан XV зууны үед амьдарч асан Францын зохион бүтээгч Жозеф Нисефор Ньепс анхны гэрэг зургийг авч цаасан дээр буулгажээ. Тэр үеэс эхлэн гэрэл зураг авах хэрэгсэл болон зургийн төрөл, сэдэв өсрөнгүй хөгжсөөр өнөөг хүрчээ. Гэрэл зураг нь баримтат, байгалийн, уран сайхны, хөрөг гэсэн хэд хэдэн төрөл зүйлтэй бөгөөд тус бүртээ өөр өөрийн гэсэн онцлог давуу талуудтай байдаг. Тухайлбал, байгалийн гэрэл зураг нь байгалийн гоо үзэсгэлэнг хадгалах, түгээх, мөн байгаль хамгааллын ач холбогдлыг ойлгуулахад чухал нөлөөтэй. Энэ төрлийн гэрэл зураг нь байгалийн гэрэл дээр тулгуурладаг учраас нар мандах, жаргах үеийг "алтан цаг" хэмээн нэрлэж энэ үед зураг авахад илүү тохиромжтой байдаг талаар Монгол улсын мастер гэрэл зурагчин Н.Сүхбат ийнхүү ярилаа.
Н.Сүхбат: Байгалийн гэрэл зургийн онцлог гэвэл зургийг авах гэж байгаа хүн олон талын мэргэжилтэй байх ёстой. Байгалийн гэрэл зурагчин хүн мэдрэмжтэй, авьяаслаг сурагч хүн байх хэрэгтэй. Мөн газар орноор их явдаг учраас газар усны тогтоц уул усны байршил сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгээд байгалийн гоё сайхныг хардаг хулгайчийн нүдтэй байх хэрэгтэй гэх мэтчилэн маш их юм шаардагддаг. Байгалийн гэрэл зураг авахад анчин хүн шиг маш эртэч байх ёстой. Зураг авдаг цаг нь өөрөө нар мандах агшин болон нар жаргах агшин байдаг. Энэ хоёр мөчид зэрэг байгаль өөрөө их гоё тод, өнгөтэй байдаг. Дээрээс нь зэрэг байгаль гэрэл сүүдрээ ялгаж өгдөг. Уулын гуу, жалга, судаг ам зэрэгт сүүдэрт унаж биежиж 3D хэлбэрээ олдог. Алтан агшин гэж яриад байгаа нь өглөө нар мандаж байх үеийн 2 цаг, орой нар жаргах үеийн 1-2 цагийн хугацаа байдаг. Миний хувьд байгалийн дэлгэмэл зураг авдаг. Байгалийн зураг, уул усыг бүтнээр оруулахыг хичээдэг. Яагаад гэвэл нутгаасаа хол нутгаа санаж байгаа хүмүүс тийм бүтэн зураг харахыг хүсэж байдаг. Жишээлбэл, Отгонтэнгэр хайрхнаа, Бурхан Халдун уулаа, Шилийн Богдоо бүтнээр нь харахыг хүсэж байгаа. Нэг кадрт энэ уул бүтнээрээ багтахгүй. Харин миний хувьд хөл дээр зоож байгаад координатаар тэмдэглээд программаар угсардаг учраас ямар ч урт уул нуруу байсан ч багтаадаг. 180 градус ингэж авч болдог. Гэрэл зураг бол сэдэв чиглэлээрээ хөгжиж байна. Дээр үеийн гэрэл зурагчид бол дандаа хэвлэлийн сонины чиглэлийн үйл явдлын болон баримтат зураг авдаг байсан. Одоогийнх шиг байгалийн амьтны, сансар галактикийн, хуримын гэж төрөлжөөгүй байсан байхгүй юу. Харин өнөө цагт техник технологи, программ, аппарат хэрэгсэл нь сайжраад залуучууд мэдээлэл сайтай болохын зэрэгцээ гэрэл зургийн сэдэв төрөл зүйл гүнзгийрч байна. Тэрний нэгэн адил байгалийн гэрэл зураг ч бас хөгжиж байна. Байгалийн гэрэл зураг аваад явж байхад аль ч улирал аль нутаг бол маш гоё байдаг. Тал, говь, хангай ч байсан өөр өөрийн онцлогтой. Харин түүнийг нөгөө орой үдшийн гэрэлд нь уул, үүл, ус зэргийг нь ташралдуулаад мал ахуй зэрэгцүүлээд амь оруулаад авах нь л чухал. Бүүр хөөж авмаар их гоё газрууд байна. Жишээлбэл, Би намар Хэнтий рүү зүглэх гээд байдаг. Хэнтий аймгийн Батноров, Дадал, Батширээт гээд нутагт хувинтай будгийг шар улаан, хар цагаанаар нь цацчихсан юм шиг тийм гоё тод болон завсрын өнгөнүүдтэй. Харин өвөл бол мэдээж Хөвсгөл, Завхан. Тэсийн гол дагасан нутаг руу явах дуртай. Цас их унадаг болохоор Японы дээвэр дарсан зузаан цас шиг бас Сибирийн цасанд дарагдсан ой шугуй шиг харагддаг.
Мөн байгалийн гэрэл зурагчин хүн олон цаг, хэдэн өдрөөр ч байгалийн үзэсгэлэнт дүр төрлийг хүлээдэг агаад халуун, хүйтэн, салхи шуургатай, бороо цастай гээд цаг уурын хүнд нөхцөлийг туулдгаараа онцлогтой. Энэ онцлогоос шалтгаалан байгалийн гэрэл зураг авдаг эмэгтэй зурагчид ховор байдаг байна.
Гэрэл зурагчин Итгэл: 2018 оноос хойш гэрэл зураг сонирхоод явж байна. Гэрэл зураг сонирхох болсон шалтгаан нь тайвшралыг хүсээд гэрэл зураг руу орчихсон. Байгалийн гэрэл зураг дарж явахад аяллыг их утга учиртай болгодог. Зүгээр нэг яваад газар үзэхээсээ гадна тэр газарт өглөө яаж нар манддаг, орой яаж нар жаргадаг, тэр газрын үзэсгэлэнтэй хэсэг нь яг хаанаа байдаг гээд олон зүйлийг эрэл хийлдэг болохоор аялалд илүү гоё амт өгдөг. Мөн байгалийн гэрэл зураг дарж явна гэдэг нь дандаа гоё зүйлийг эрж хайж байдаг. Гоё юмны эрэлд явж байгаа хүний сэтгэл санаа ч гэсэн гоё байдаг. Тийм учраас би байгалийн гэрэл зурагт дуртай. Хамгийн дурсамжтай, хамгийн сонирхолтой, гэхдээ их гоё гэрэл зураг буулгаж чадаагүй түүх гэвэл нэг орой ганцаараа бодож байгаад Хонгорын элсний зураг авбал гоё юм болов уу гээд машинтайгаа гараад ганцаараа явчихсан. Тэгээд явж явж байгаад Хонгорын элсэн дээрээ очоод нэг шөнө айж хоночхоод өглөө нь нэг зураг дарж аваад ирсэн. Гэтэл яг элсэн махан дээрээ очоогүй наанаас нь ирчихсэн байсан. Одоо эргээд бодохоор дурсамжтай санагддаг.
Харин гэрэл зурагчин Т.Буян-Эрдэнийн хувьд байгалийн болон монгол ахуйн сэдэвт гэрэл зураг түлхүү дардаг. Хүүхэд байхаасаа монгол орныг тойрон аялах, танин мэдэх хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд энэ хүсэлдээ хөтлөгдөн гэрэл зурагчин болжээ. Түүний хувьд жилдээ нэгээс хоёр удаа монгол орны бүтэн тойрдог байна. Ингэхэд очиж байгаа газар бүр л өөр өөрийн гэсэн онцлог, өвөрмөц өнгө төрхтэй байдаг талаар гэрэл зурагчин Т.Буян-Эрдэнэ ийнхүү ярилаа.
Т.Буян-Эрдэнэ: Мэдээж манай Монгол орны бүх газар өөр өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой. Говь гэхэд говь хангай хосолсон байна дан говиороо байна. Тийм болохоор Монгол орны яг тэрийг нь хамгийн гоё гэж хэлэхэд жоохон хэцүү байдаг. Байгалийн гэрэл зураг гэдэг утгаараа байгалийнхаа гоё сайхныг олж харахын тулд хичээж явна. Миний хувьд Монголын нүүдэлчин ахуй соёлыг ерөнхийдөө илүү их харуулахыг хичээдэг. Намайг хүүхэд байхад дандаа мориороо эсвэл тэмээгээрээ нүүдэг байсан. Гэвч техник технологи бүх юм хөгжиж үүнийг дагаад нүүдэлчин өв соёл маань жаахан мартагдаж эхэлж байна. Тийм болохоор аль болох энэ өнцгийг харуулж, хүмүүст сурталчлахыг хичээдэг. Тэр дундаа яг хуучин монгол ахуй соёлыг нь харуулах үүднээс өглөө эрт босоод үнээ малаа саагаад, ааруул цагаагаа боловсруулж байгаа тэр малчин хүмүүсийн дүр төрхийг түлхүү авахыг хичээдэг. Миний нэг хамгийн өндөр үзэлтэй зураг гэвэл нэг шилүүсний зураг байдаг. Тэр зураг маань Арабын Дубай хотод үзэсгэлэнд гарч байсан.
Монголын Байгалийн Гэрэл Зурагчдын Нийгэмлэгээс 4 дэх удаагийн “Монголын Байгалийн Шилдэг Гэрэл Зураг" олон улсын уралдааныг зарлаад байна. Тус уралдаан нь Монголын болон олон улсын гэрэл зурагчдад нээлттэй бөгөөд Үзэсгэлэнт байгаль, Зэрлэг амьтан, Монгол ахуй, Агаарын гэрэл зураг гэсэн 4 төрөлд 10 сарын 15-ныг хүртэл бүтээлээ илгээх боломжтой. Энэ жилийн уралдаан нийт 50 сая төгрөгийн шагналын сантай. Шүүгчдийн бүрэлдэхүүнд өмнө уралдаануудад ажиллаж байсан туршлагатай, дэлхийн хэмжээний 8 гэрэл зурагчин ажиллах юм.