“Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам болно

Бүтээлүүд нь монголын орчин үеийн бүжгийн урын санг баяжуулж буйгаараа онцлогтой
“Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн дөрөв дэх удаагийн наадам болох гэж байна. Энэ удаагийн наадмын зорилго нь мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг орчин үеийн бүжгийн төрлөөр баяжуулах, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм. Наадмын хүрээнд И.Ф.Стравинскийн “Ариун хавар” балетыг бүжиг дэглээч Б.Одбаяр "Улаанбаатар" театрын бүжигчидтэй хамтран орчин үеийн тавилтаар дэглэж, “Хангарди” үндэсний хөгжмийн найрал, удирдаач Б.Эрхэмбаяр удирдана. Мөн ХБНГУ-ын бүжиг дэглээч Фабиан Коннын “Тойрог зам” орчин үеийн бүжгийг УДБЭТ-ын балетын жүжигчидтэй хамтран дэглэх юм. Энэхүү бүтээлүүд нь монголын орчин үеийн бүжгийн урын санг баяжуулж буйгаараа онцлогтой. Наадам нь дэлхийн шилдэг орчин үеийн бүжгийг Монголын үзэгчдэд хүргэх, бүжгийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 2018 онд анх удаа зохион байгуулж, АНУ, Канад, ОХУ болон Монголын орчин үеийн бүжгийг толилуулж байв.