Зүрхний мэс заслын эмч Тиерри Каррел “Зүрх мартахгүй” төсөлд нэгдэж байна

"Зүрх мартахгүй" төсөл олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна Монгол улсыг дэлхий дахинд сурталчлах нэрийн хуудас болсон байна
Швейцар улсын цээжний хөндий, зүрхний мэс заслын эмч Тиерри Каррел “Зүрх мартахгүй” төсөлд нэгдэж байна. Түүний хувьд зүрхний 10 мянга гаруй мэс засал амжилттай хийснээс хүүхдийн зүрх судасны төрөлхийн гажгийн мэс заслууд зонхилж байна. “Зүрх мартахгүй” төслийг 1979 онд Монголын нэрт зүрхний мэс засалч, Төрийн шагналт Ц.Бундан эмч санаачилж, 2020 оноос эхлэн түүний хүү Монгол улсын гавьяат эмч Б.Болдсайхан уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж сайн дурын багийнхантай хамтран улс орныхоо өнцөг булан бүрт хүрч ажиллаж байна. “Бундан” төслийн баг нь 30 гаруй жилийн туршлагатай мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон сайн дурын гишүүдээс бүрддэг бөгөөд төслийн хүрээнд төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд нарийвчилсан оношилгоо хийж зүрхний нээлттэй болон судсан дотуурх мэс засал хийдэг. 2020 оноос хойш нийт 40 мянга гаруй иргэнийг зүрх, судасны үзлэгт үнэ төлбөргүй хамруулж 1,300 гаруй хүүхдэд мэс заслын цогц тусламж үйлчилгээг үзүүлж амьдрал бэлэглэсэн байна. Сүүлийн таван жилийн хугацаанд тус төслийн нөлөөлөл Монгол улсын хил хязгаарыг давж, мэс засалд ороход удаан хүлээх шаардлагатай байдаг ӨМӨЗО-д амьдардаг Монгол угсаатан хүүхдүүд болон Киргизстан, Афганистан, Бутан улсын хүүхдүүдэд ч эрүүл мэндийн цогц тусламжийг үзүүлэн амьдрал бэлэглэжээ. Эдүгээ тус төсөл олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна Монгол улсыг дэлхий дахинд сурталчлах нэрийн хуудас болсон байна.