Соёлын элч Э.Амартүвшин тэргүүлж "Дэлхийн шилдэг баритон" болжээ

Тэрбээр олон улсын дуурийн урлагийг шимтэн сонсогчид, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртэж, 52 долоо хоногийн турш дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тайзнаа авьяас чадвараараа гайхагджээ
Дуурийн урлагийн дэлхийн шилдгүүдийг тодруулдаг “Opera World” цахим хуудсын жагсаалтыг Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин тэргүүлж "Дэлхийн шилдэг баритон" болжээ. Тэрбээр олон улсын дуурийн урлагийг шимтэн сонсогчид, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртэж, 52 долоо хоногийн турш дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тайзнаа авьяас чадвараараа гайхагдан, шилдгийн шилдэг гэдгээ дахин нотолсон байна. Өмнө нь тэрбээр 2021 онд мөн дэлхийн шилдэг баритон дуучнаар нэрлэгдэж байсан. “Opera World” цахим хуудас 2023 оноос одоо ид дуулж, томоохон театруудад тоглож байгаа дэлхийн шилдэг дуурийн дуучдыг хоолойн төрлөөр нь таван ангилалд хуваан тодруулж байгаа аж. Шилдгүүдийн жагсаалтад багтахын тулд тухайн дуучин Ла Скала, Метрополитан, Парисын үндэсний дуурийн театр, Баварийн улсын дуурийн театр зэрэг томоохон театрт тоглосон байх ёстой бөгөөд дуурийн театр, фестивал, концертын их танхим зэрэгт тоглох бүрд нь мэргэжлийнхэн 100 оноо нэмж, нийт 52 долоо хоногийн туршид үзүүлсэн амжилт, цуглуулсан оноогоор нь эцсийн дүнг гаргадаг байна. Ардын жүжигчин Э.Амартүвшин 5900 оноогоор жагсаалтыг тэргүүлсэн бол хоёрдугаарт Францын дуучин 5200 оноогоор, гуравдугаарт Оросын дуучин 4800 оноогоор оржээ. Тэрбээр Италийн Наполи хотын “Сан Карло”-гийн нэрэмжит их театр, Франц улсын нийслэл Парис хотын “Champs-Élysées” театр, ХБНГУ-ын Киль хотын дуурийн театр, Испанийн Валенсиа хотын дуурийн театр, Израилын нийслэл Тел Авив хотын их театр, ОХУ-ын нийслэл Москва хотын Большой театр, БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Сувдан театр зэрэг дэлхийн шилдэг гэгддэг бүх тайзнаа дуулжээ.
Үзсэн: 2171
Tweet