Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-03-2025
Монгол

Шинэ мэдээ

Монгол нутгаас хадны зургийн 600 орчим дурсгалт газрыг нээн илрүүлжээ


Densmaa 2025-03-25 04:03

Монголын газар нутаг дээр хуучин чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэл хадгалагдан ирсэн хадны зургийн дурсгалууд бий

         Хадны зураг нь монголын газар нутаг дээр хамгийн элбэг байдаг бөгөөд эртний хүмүүс өөрсдийн түүхээ хойч үедээ хэрхэн яаж үлдээх талаар тун нарийн бодож олсон уран арга юм. Монголын газар нутаг дээр хуучин чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэл хадгалагдан ирсэн хадны зургийн дурсгалууд бий. Эртний хүмүүс хадны зурагт араатан амьтан, шувуу зэргийг өөрсдийн чадах чинээгээр дүрсэлсэн байдаг бол он цаг наашлах тусам дүрслэх ур чадвар нь сайжирч араатан амьтдаас гадна өөрсдийнхөө ахуй амьдралыг илүүтэй зурах болжээ. Тэр тусмаа ан гөрөө хийх, тариа ногоо тариалах, мал амьтан гаршуулах, үхэр тэргээр тээвэр хийх зэргээс гадна эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дотно харилцааг ч дүрслэн үлдээсэн байдаг. Морин тэрэг, үхэр тэрэг зэргийг тун чадамгай дүрсэлсэн байдаг нь өнөөг хүртэл судлаачдын анхаарлыг татсаар байна. Хадны зургаас дараах зүйлүүдийг ойлгож болно. Хэдий үед ямар багаж, хэрэгсэл хийж эхэлснийг, тухайн үед ямар амьтад энэ газар зонхилон амьдарч байсныг, хэзээ ямар амьтныг гаршуулж уналга эдэлгээнд хэрэглэж эхэлснийг, хэзээнээс газар тариалан эрхэлж анжис, нум сум, дугуй зэргийг хэрэглэх болсныг, цэрэг дайны бэлтгэлээ яаж хийдэг байсныг, ямар зүйлийг шүтээнээ болгодог байсныг, хэзээнээс малдаа тамга хэрэглэж ирснийг харах боломжтой. Мөн түүнчлэн хадны зургийн тархалтаар тухайн үед монгол орны хаана хүн амьдрах таатай орчин бүрдэж байсан зэргийг тодорхойлох боломжтой юм.

          Монгол нутаг дахь хадны зургийн илрүүлэлт болоод судалгааг бүрэн гүйцэт хийж дуусаагүй байна. Одоогийн байдлаар монгол нутгаас хадны зургийн 600 орчим дурсгалт газрыг нээн илрүүлсэн бөгөөд тэдгээрийг нарийвчлан судлах ажил үргэлжилж байна. Түүнчлэн монголын судлаач нар сүүлийн 100 орчим жилийн хугацаанд хадны зургийг судалж байгаа төдийгүй жил ирэх тусам судалгааны үр дүнгээ ахиулж, хадны зургийн талаарх шинэ баримтуудыг цуглуулсаар байгаа юм. Соёлын өвийн судлаачид хадны зургийг хоёр үндсэн бүлэгт хуваан судалж байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн П.Алдармөнх: Хадны зургийг хэл дүрслэлийн зураг гэж бас нэрлэдэг. Учир нь бичиг үсэг үүсэхээс өмнө үүссэн хааны зургууд нь бичиг үсэгтэй эн зэрэгцэхүйц соёлын өв болдог. Хадны зураг гэдэг ойлголт нь хоёр төрөлтэй. Нэг нь байгалийн будаг буюу зос болон бэхээр байгалийн хадан дээр будаж дүрсэлсэн. Нөгөөх нь ямарваа нэгэн багаж зэвсгээр хадыг хонхойлгож сийлсэн байдаг. Хадны зурагт эртний хүмүүсийн сүсэг бишрэл, оюун сэтгэлгээ, нийгмийн байдлыг дүрсэлсэн байдаг. Монгол орны тухайд хамгийн эртний үед холбогддог хадны зураг бол чулуун зэвсгийн сүүл үеийн зураг. Харин хамгийн хожуу үе нь болохлоор 13-р  зууны үе буюу Монголын эзэнт гүрний үеийн хадны зураг юм. Хадны зургийн судалгааны нэг төвөгтэй асуудал нь он цагыг тодорхойлоход маш их хэцүү байдаг. Яагаад гэвэл хадны зурган дээр сийлсэн зураг болон арга барил бүр ялгаатай байдаг ч дүрслэлийн хувьд адилхан байдаг учраас тэр дундаас он цагийн ялгааг гаргахад маш төвөгтэй. Жишээ нь баруун бүс нутагт байдаг хадны зургийн дүрслэл говийн бүсийн хадны зургийн дүрслэл нь адилхан байдаг. Тэгэхлээр нарийвчлан он цагийг нь тогтооход төвөгтэй болдог. Иймээс хадны зураг дээр дүрсэлсэн ан амьтан дүрслэлийн зарим нэг хэв маягийг эсвэл археологийн сурвалжаас илрүүлсэн олдвортой харьцуулсан байдлаар харьцангуй он цагийг тогтоодог. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн дэлхийн өвд бүртгэгдсэн хадны зураг дээр байдаг арслан зааны дүрслэл 2 мянган жилийн үед зурагдсан зураг байна гэж онц цагийг нь харьцангуй байдлаар тогтоодог гэсэн үг. Сүүлийн үед түүхийн сурвалжууд дээр байдаг зурагтай харьцуулаад Түрэгийн үе, эсвэл 13 дугаар зууны үе, Хүннүгийн үеийн археологийн олдворуудтай дүрслэлийн хувьд адилхан байна гэж үзээд харьцангуй он цагийг нь тогтоож байна.

         Манай улс одоогоор соёлын өвийн чиглэлээр 7 дурсгалыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлжээ. Үүнд Орхоны хөндий, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Увс нуурын сав, Дагуурын ландшафт гэсэн 5 байршил багтаж байна. Монгол алтайн нурууны хадны зургийн цогцолборт газрын хувьд нийт 11 мянга 300 га газрыг эзлэн орших бөгөөд хуучин, дунд, шинэ чулуун зэвсгийн үе болон хүрлийн үед хамаарах хадны сийлмэл зургийн гайхамшигтай цогцолборуудтай юм. Эдгээр зургийн сэдэв, зохиомж, дүрслэл нь тухайн цаг үеийн хүмүүсийн аж ахуй, соёл, нийгмийн харилцааны болон ертөнцийг үзэх үзэл, сүсэг бишрэл зэрэг олон шинжийг илэрхийлсэн байдаг нь түүх, соёлын хувьд асар их үнэ цэнтэй мэдээллийг агуулдаг байна. Монгол Алтай хадны зургийн цогцолборыг БНФУ-ын Парис хотноо зохион байгуулагдсан Дэлхийн өвийн хорооны 35 дугаар чуулганаар соёлын ангиллаар дэлхийн өвийн жагсаалтад бүртгэжээ. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн П.Алдармөнх: Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор газрыг 2011 онд дэлхийн өвд бүртгүүлсэн. Тус дурсгалт газар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум болон Улаанхус сумын нутагт байдаг. Нийтдээ 3 газрыг кластер байдлаар дэлхийн өвд бүртгүүлсэн. Энэ гурван газарт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Цагаан салаа Бага овор гээд 20 орчим километр үргэлжлэх том дурсгалт газар багтдаг. Тэнд хэдэн 10 мянгаар тоологдохуйц хадны зураг дүрслэгдсэн байдаг төдийгүй чулуун зэвсгийн үеийн арслан заан гэх мэт эртний амьтны зургаас эхлээд хожуу үеийн Хүннүгийн болон 13 дугаар зууны үед холбогдох хадны зургууд хүртэл байдаг. Энэ бүгдийг судлаач нар судлаад энэ бол яах аргагүй дэлхийн өвд бүртгүүлэх чухал шаардлагатай үнэ цэнтэй дурсгалт газар байна гэж үзээд бүртгүүлсэн. Мөн Соёлын яамны зүгээс говийн хадны зургийн цогцолбор газрыг дэлхийн өвд бүртгүүлэх гээд холбогдох судалгааг нь хийж байна. Ингэхдээ Монгол Алтайн нурууны хадны цогцолбортой адилхан 3 газрыг сонгоод кластер байдлаар дэлхийн өвд бүртгүүлэх асуудлыг судлаад, холбогдох зөвлөлдөх уулзалтуудыг нь хийгээд бэлтгэл ажлыг хангаж байна. Говийн хадны зургийн гурван газарт Дундговь аймгийн Дэл уулын хадны зураг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг байдаг Жавхлант хайрхны хадны зураг, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бичигтийн хадны зураг багтаж байгаа юм.

      Говийн хадны зургийн бүрэлдэхүүнд багтсан  Дэл уулын хадны зураг нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт оршдог. Баруунаас зүүн тийш 17 км, хойноосоо урагш 8 км орчим сунаж тогтсон жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдэх бөгөөд урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай хил залгана. Энэхүү уулнаа МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртэлх хүмүүсийн эдийн болон оюуны үнэт дурсгалууд өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн бөгөөд уулс бүхэн бэлээсээ оройгоо хүртэл бараг нэлэнхүйдээ хадны зурагтай ажээ. Хадны зургийг сийлэх болон мохоо үзүүртэй багажаар цохиж гаргах зэрэг олон янзын аргыг хэрэглэн зурсан байна. Дэл ууланд хүрлийн үед холбогдох 3000 орчим хадны зураг, эртний хүмүүсийн оромж бүхий хавтгай чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш, руни бичгийн дөрвөн дурсгал, Тан улсын үед холбогдох Монгол болон Хятад бичээс байгааг нээн илрүүлжээ. Энэ цогцолбор газрын хадны зургууд нь он цагийн хувьд харилцан адилгүй төдийгүй нэг хэв загварын биш гэдгээрээ онцлог шинжтэй юм. Тухайлбал, хүнийг хэд хэдэн янзаар дүрсэлсэн байдаг агаад хүний гарыг нь зуралгүй толгой дээр нь гурван салаа зураас гаргаж мөрнөөс нь авхуулан нэгэн урт зүйл унжсанаар зурсан нь манай орны хадны зурагт ер тааралддаггүй байна.  Мөн өргөн орой бүхий малгайтай, гартаа жад барьсан морьтой хүн, баруун гартаа дугуй зүйл барьсан хоёр толгойтой хүн, амьтдын дээд талд дүрсэлсэн дугуй цэгүүд зэрэг дүрслэлүүд ихээхэн сонирхолтой юм.


       Соёлын өв хэмээх ойлголт нь өргөн хүрээг хамардаг төдийгүй үүнд түүх соёлын үл хөдлөх дурсгалууд багтдаг. Үл хөдлөх дурсгалуудад хадны зураг зүй ёсоор орно. Энэ чиглэлээр 2017 онд Монгол улсын ерөнхийлөгч “Монголын хадны зураг, бичээсийг хадгалж хамгаалах, судлах ажлыг дэмжих тухай” гэсэн 181-р тоот зарлиг гаргасан. Тус зарлигийн хүрээнд хоёр жилд нэг удаа хадны зургийн чиглэлийн олон улсын хурал, зөвлөгөөн чуулганыг зохион байгуулах болжээ. Анхны хурлыг 2022 онд зохион байгуулсан бөгөөд тус хуралд Орос, Хятад, Солонгос улсын хадны зургийн чиглэлийн эрдэмтэн судлаачид оролцож, Төв Азийн нүүдэлчдийн хадны зургийн судалгааны хөгжил, олон улсын судалгааны харьцуулалт сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна. Удаах хурлыг 2024 онд Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран “Суман голын хадны зураг” сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Тус эрдэм шинжилгээний хурлын үед танилцуулсан хадны зургаас дээжлэн үзэсгэлэн гаргажээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн П.Алдармөнх: 2024 онд хийсэн эрдэм шинжилгээний хурлын үеэр дэлгэгдсэн хадны зургуудаас яамны үзэсгэлэнгийн танхимд 10 зураг байна. Хамгийн эхний зураг бол хүний гарын зураг байгаа юм. Тухайн үед амьдарч байсан хүн гараа хадан дээр тавиад гадуур нь зос түрхээд гарынхаа хээг үлдээсэн байна. Энэ бол он цагийн хувьд Монгол нутгаас олддог хамгийн эртний үеийн хадны зураг юм. Тухайн үед хүмүүс хадан дээр өөрийнхөө гар юм уу эсвэл тухайн үед байсан амьтныг дүрсэлдэг байсан. Энэ нь өөрсдийнхөө овог аймгаа тэмдэглэж үлдэж байна гэсэн агуулгатай. Дараагийн зураг бол Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Цамбагаравын Зостын хадны зураг байна. Энэ зураг дээр морь унасан, гартаа урт жад барьсан хүмүүсийг дүрсэлжээ. Энэ дүрслэл бол Жужаны үед холбогдоно. Түүхийн сурвалж дээр Жужаны эзэнт гүрний үед иймэрхүү зургууд гардаг учраас энэ хадны зургийг тэрхүү зурагдсан хэв шинжээр нь хараад Жужаны үед холбогдуулан авч үздэг. Дараагийн зураг бол Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бичигтийн амны хадны зураг байж байна. Энэ дурсгалт газар дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад орчихсон дэлхийн өвд  бүртгүүлэх судалгааны ажил нь хийгдээд явж байгаа ийм дурсгалт газар юм. Энэ зураг дээр Монголын хүрэл зэвсгийн үеийн нэг том төлөөлөл болох буган чулуун хөшөөн дээр байдаг дүрслэлийг хадны зураг дээр яг адилхан маягаар дүрсэлж өгсөн байдаг. Тэр дүрслэлийг маш тод харъя гэвэл хажуу талд нь байгаа Цэнгэл сумын Шивээт хайрхны хадны зургаас харж болно. Удаах зураг бол дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад орчихсон байгаа Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулын хадны зураг байна. Зөвхөн энэ дурсгалт газар л гэхэд 5 мянга орчим хадны зураг байдаг. Зарим тохиолдолд нэг дурсгалт газарт хэдэн 10 мянган зураг байдаг бол зарим тохиолдолд 20-30 зураг байх нь ч бий. Тэгэхээр хадны зургийг тоо ширхгээр ярих юм бол маш их хэмжээний зураг Монгол орны нутаг дэвсгэр дээр хадгалагдаж байна.

       Хадны зургийн үзэсгэлэнд Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн болон Урьдчилсан жагсаалтад орсон дурсгалын дээжээс дэлгэн толилуулж байна. Эдгээр зургууд нь он цагийн хувьд 12,000-1,200 жилийн өмнөх үед холбогдох хадны зураг юм.  

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн П.Алдармөнх: Энэ үзэсгэлэнд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Шивээт хайрхан гээд дэлхийн өвд бүртгэгдчихсэн дурсгалт газрын нэг хадны зураг байна. Энэ зураг дээр морин тэрэгтэй хүнийг дүрсэлсэн. Хүрэл зэвсгийн үеийн хадны зургуудын нэг онцлог бол морин тэргийг дээрээс нь харсан байдлаар дүрсэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хоёр дугуйг нь хажуу талд нь гаргаад морийг нь хоёр талд нь дүрсэлсэн байх жишээтэй. Харин Хүннүгийн үеийн хадны зураг бол морин тэргийг хажуугаас нь дүрсэлсэн байдаг. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Шивээт хайрхны энэ хадны зураг дээр морийг их нарийн гоё дүрсэлсэн байна. Хүрэл зэвсгийн үеийн хадны зурагт дүрс байдлаар тэмдэглэдэг байхад түүний дараа үе буюу Пазырыкийн үед холбогддог хадны зургийн дүрслэлийн хувьд нарийн гоё дүрслэлүүдтэй байдаг. Энэ зураг нь Пазырыкийн үеийн археологийн олдворуудтай зураглалын хувьд их төстэй учраас хүрлийн дараах үе буюу төмрийн түрүү үед холбогдуулан авч үзэж байна. Мөн энд маш сонирхолтой нэгэн зураг байгаа нь Говь-Алтай аймгийн Баян-Ууул сумын Зургийн орой гэдэг нэртэй Ловонгийн нурууны хадны зураг юм. Энэ зурагт тэмээ унасан хүнийг дүрсэлсэн байна. Тэгэхлээр монголчууд тэмээ, үхэр зэрэг 5 хошуу малыг гаршуулсан он цагийг энэ зурагнаас харж болно. Энэ зураг нь хүрэл зэвсгийн үед холбогдоно гэхээр Монгол оронд тэмээг хүрэл зэвсгийн үед гаршуулсан байна гэдэг маш том нотлох баримтыг хадны зураг харуулж байна. Хамгийн сүүлийн зураг бол Өмнөговь аймгийн Ноён сумын Шар даваа гэдэг нэртэй дурсгалт газрын хадны зураг.  Үүнд морь унасан хүмүүсийг дүрсэлсэн. Гэхдээ морийг нь жижиг том байдлаар зурсан. Монгол морь бол харьцангуй Европ морийг бодоход жижигхэн байдаг. Гэтэл энэ хадны зургаас харьцуулаад харахад монгол мориноос том хэмжээтэй морийг дүрсэлсэн байгаа юм. Түүхэн сурвалжуудаас үзэхэд Түрэгийн үеийн дурсгалууд дээр иймэрхүү том морь дүрсэлсэн байдаг. Тэгэхээр энэ хадны зургийг Түрэгийн эзэнт гүрний үед зурагдсан гэж үздэг. Ерөнхийдөө энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн 10 зургийг нэн эртний үеэсээ авхуулаад хожуу үе хүртэл он цагийн дарааллаар тавьсан.

        Монгол улсын одоогийн бүсчлэлээр авч үзвэл 21 аймагт хадны зураггүй аймаг гэж байхгүй гэдгийг судлаачид тогтоожээ. Харин тогтцын хувьд өөр өөр байдаг. Тухайлбал, монгол орны зүүн бүс нутаг буюу тал хээрийн бүст хадны зургийн дурсгал харьцангуй багатай, харин хангайн бүс нутаг буюу хад асга ихтэй газарт энэ төрлийн дурсгал их байдаг. Хадны зураг дээр тухайн газар оронд амьдарч байсан хүмүүсийн аж байдал,  ахуй амьдралын хэв маяг, хэрэглэж байсан багаж хэрэгсэл зэргийг дүрсэлсэн байдаг учраас утга санаа, түүхэн ач холбогдол ихтэй үл хөдлөх дурсгалд тооцогддог байна.

Үзсэн: 72

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна