Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-03-2025
Монгол

Шинэ мэдээ

1998 оноос хойш 300 гаруй Авсрталийн сайн дурын ажилтан Монголд ажиллажээ


Densmaa 2025-03-24 02:03

Австралийн ЭСЯ-ны дэд тэргүүн Эндрю Бэрримэн: Хөгжлийн бэрхшээлтэй, сонсголгүй иргэдийн оролцоо, эрх тэгш байдлыг хангах явдал нь Австралийн хөгжлийн хөтөлбөрийн үндсэн чухал зорилтын нэг юм.

     Монгол Улс Австрали Улстай 1972 оны 9 дүгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоосноос хойш 50 гаруй жилийн туршид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа  бүхий л салбарт өргөжин тэлж байна. 1972 оны есдүгээр сарын 15-нд Австралийн Ерөнхий сайд агсан Гооф Витлам Монгол Улстай дипломат харилцаа тогтоох баримт бичигт гарын үсэг зурсан юм. Монгол улс 2008 онд Австралийн нийслэл Канбера хотноо Элчин сайдын яамаа байгуулж байсан бол Австрали улсаас 2015 онд Австралийн Элчин сайдын яам Монголд нээгджээ. Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр талын харилцааны томоохон үйл явдал болсон юм. 1990 оноос Монгол Улс ардчилал, чөлөөт эдийн засгийн  тогтолцоог сонгосноос хойш хоёр улсын харилцаа улам өргөжжээ. Ялангуяа Австралийн хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд нэлээд олон хөтөлбөр хэрэгжсэн байна. Австрали улс манай улсад жил бүр 10 гаруй сая долларын хөгжлийн тусламж үзүүлж ирсэн.

        AVID буюу “Австралийн сайн дурын ажилтны” хөтөлбөр нь манай улсад 1998 оноос хойш хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд 300 гаруй сайн дурын ажилтан Монголд ирж тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, сайн дурын 400 гаруй хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Австралийн сайн дурын ажилтан амьдарч байгаа орон нутаг, ажиллаж байгаа хамт олондоо өөрсдийн ур чадвар, шинэ санаа, арвин туршлагаа хуваалцдаг аж. Австралийн сайн дурын хөтөлбөр нь өнгөрсөн хугацаанд боловсролын салбарын үр өгөөж чанарыг сайжруулах, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг арилгах, хүйсийн эрх, тэгш байдлыг хангах чиглэлд ажиллажээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүүхэд, эмзэг давхарга болон цөөнхийн эрх ашгийг хамгаалах чиглэлд анхаарч тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна. Одоо та бүхэнд Австралийн сайн дурын хөтөлбөрийн Монголыг хариуцсан менежер С.Мөнхтуулын яриаг хүргэе.

С.Мөнхтуул: Австралийн сайн дурын хөтөлбөр бол Австрали Улсаас Монгол Улсад Олон улсын туслалцааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа хөтөлбөр юм. 10 жилийн төслийн 7 дахь жилдээ явж байгаа төсөл. Зорилго нь Монголын байгууллагууд Австралийн мэргэжилтнийг аваад ажиллуулахад зардал мөнгөний хувьд боломжгүй байдаг учраас Австралийн засгийн газраас энэ бүх зардлыг бүрэн дааж байгаа юм. Мөн даатгалыг нь бас хариуцдаг. Тиймээс бидний хамтран ажиллаж байгаа байгууллагуудад хүний нөөцийн ямар мэргэжил, ур чадвар хэрэгтэй байна вэ, ямар туршлага хэрэгтэй байна вэ гэдгээ манайд өргөдлөө өгнө. Мөн тухайн байгууллагаас ямар сонгон шалгаруулалтыг хүсэж байна вэ гэдгээ бид нартай зөвшөлцсөний үндсэн дээр бид Австралидаа сонгон шалгаруулалтаа хийдэг. Бид жилдээ 25 орчим сайн дурын ажилтныг сонгон шалгаж авч ирдэг. Бид Монголын төрийн болон төрийн бус байгууллаауудтай олон чиглэлд хамтран ажилладаг. Ялангуяа боловсролын чиглэлд, түүн дундаа англи хэлний боловсролын чадавхийг сайжруулах тал дээр илүү анхаарах бодлого барьж байна. Яагаад гэвэл Монгол улс 3 дугаар ангиас англи хэлийг зааж байгаа боловч хангалттай боловсон хүчин дутагдалтай байна. Мөн дээр нь хөдөө орон нутгийн англи хэлний багш нарын чадавхийг сайжруулах маш их хэрэгцээ байна. Гэхдээ бүх орон хөдөө орон нутагт хүрч ажиллах боломжгүй юм. Жилдээ Монголд 25 орчим хүн, нийтдээ дэлхийн 26 оронд 1000 гаруй хүн жилдээ ажилладаг. Англи хэлний багш бол зөвхөн нэг л хэсэг нь юм.Түүнээс гадна байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг олон чиглэлээр ажилладаг. Гол нь ирж байгаа хүмүүсийн ур чадвар маш өндөр, туршлага сайтай хүмүүс байдаг. Байгууллагууд анхнаасаа сонгон шалгаруулалтаа хийхдээ ирж ажиллах хүмүүст ажлын даалгавраа маш тодорхой өгдөг. Энэ дээр нь манай Монголын оффис тусалж ажилладаг. Түүнчлэн Австралийн засгийн газрын бүрэн санхүүжилттэй хөтөлбөр учраас хоёр шаардлага тавигддаг. Нэгдүгээрт хүүхэд хамгааллын бодлоготой байх ёстой. Хоёрдугаарт тухайн байгууллага ажлын байрны бэлгийн дарамтаас сэргийлэх бодлоготой байх ёстой. Энэ бол Монгол Улсын хуулинд заагдсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулинд ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх тухай бүхэл бүтэн заалт байдаг. Энэ заалтыг хэрэгжүүлэхэд байгуулагын түвшинд ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа талаар бид бүх туслалцаа үзүүлдэг. Ер нь олон улсын туслалцаанд гадаад орнууд, хөгжчихсөн орнууд Хөгжлийн туслалцааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт оруулахдаа хүүхэд хамгаалал болон ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зүйл нь байна уу үгүй юу гэдгийг чухалчилж үздэг.

     Австралийн сайн дурынхны хөтөлбөрөөс хамтрагч байгууллагууд болон сайн дурын ажилтнуудад жил бүр сэдэвчилсэн семинар явуулж, зөвлөгөө мэдээлэл хүргэдэг. Энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрхийг хангах хүрээнд “Сонсголын бэрхшээлтэй иргэдийг ойлгох нь” сэдэвт семинарыг зохион байгууллаа. Тус арга хэмжээг Австрали Улсын Элчин сайдын яам Австралийн 7 хоног арга хэмжээний хүрээнд хамтран зохион байгуулсан юм.

Австрали Улсын Элчин сайдын яамны дэд тэргүүн Эндрю Бэрримэн:

Хөгжлийн бэрхшээлтэй, сонсголгүй иргэдийн эрх тэгш байдлыг хангах явдал нь Австралийн хөгжлийн хөтөлбөрийн үндсэн чухал зорилгын нэг юм. Өнөөдрийн сургалт семинараар мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын Урлагийн зөвлөл, Дундговь аймгийн политехник коллежид ажиллах Австралийн сайн дурын хөтөлбөрийн шинэ ажилтнуудыг танилцуулж байна. Мөн "Сонсголгүйн боловсрол" төрийн бус байгууллага болон "Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо"-нд ажиллах хоёр сайн дурын ажилтныг танилцуулж байгаадаа баяртай байна. Тэд Монголын сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй иргэд тусламж дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Австралийн засгийн газраас Монгол Улсын засгийн газартай хамтран Австралийн хөгжлийн албан ёсны тусламжийн хөтөлбөр, Сайн дурын ажилтны хөтөлбөр, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр удаан хугацаанд хамтран ажиллаж байгаа бөгөөд эдгээр хөтөлбөр нь бүгд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлоготой. Бид цаашид ч Монгол Улсын засгийн газартай энэ чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хоёр ард түмний харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ажиллах болно.

    Австралийн сайн дурынхны хөтөлбөрөөс зохион байгуулсан “Сонсголын бэрхшээлтэй иргэдийг ойлгох нь” сэдэвт семинарт "Сонсголгүйн боловсрол" төрийн бус байгууллага оролцож мэдээлэл өглөө. Тус байгууллага нь хос хэлний буюу дохионы хэлийг бичгийн хэлтэй хослуулан хэрэглэх, үүнийг төр засгаас шаардаж, хэрэгжилтийг хянах чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнчлэн дохионы хэлний сургалтуудыг зохион байгуулж, сургалтын материалыг боловсруулдаг. Энэ удаагийн сургалт семинарын үеэр тус байгууллагаас Дохионы хэл гэж юу вэ? Сонсголгүй хүнийн соёл гэж юу вэ? Сонсголгүй хүнтэй хэрхэн яаж харилцаж, эрх тэгш хандлага төрүүлэх вэ? гэдэг талаар мэдээлэл өглөө.

Статистикийн үндэсний хорооноос гаргасан мэдээллээр манай улсад  сонсголын бэрхшээлтэй найман мянга гаруй иргэн бий. Сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах, хамтран ажиллах, ойлголцоход дохионы хэлний орчуулагчийн оролцоо маш чухал боловч манай улсад хүрэлцээ муу байдаг. Иймд цаашид дохионы хэлний хэлмэрчийн тоог нэмэгдүүлэх, энэ чиглэлд олон улсын сайн дурын байгууллагын дэмжлэгийг авах шаардлагатай гэдгийг Сонсголгүйн боловсрол төрийн бус байгууллагын тэргүүн А. Баасанжав хэллээ.

А. Баасанжав: Саяхан буюу 2022 оноос Сэргээн засах үндэсний төвд Дохионы хэлний хэлмэрчийн анги Монгол Улсад анх удаа нээгдсэн. Энэхүү туршилтын анги маань 2 жилийн туршилтын хугацаанд хичээлээд эхнийхээ төгсөгчдийг бэлтгэж гаргасан. Гэхдээ энэ ангийг төгсөж гарч ирсэн хүмүүс бүгд орчуулга хийгээд явж байна уу гэвэл үгүй. Монгол Улсад дохионы хэлний хэлмэрч хийж ур чадвартай орчуулагчдын тоо бол 10-15 орчим л байна гэж хэлэхэд болно. Учир нь орчуулга бол бодит цаг хугацаанд явагддаг учраас ийм ур чадвартай хүн цөөхөн байна. Манай байгууллагатай хамтран ажилладаг Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо гэж байдаг. Энэ байгуулага маань Австралийн сайн дурын хөтөлбөрөөр дамжуулаад дохионы хэлний хэлмэрчдэд багшлах багшийн ур чадварыг сайжруулах Австралийн сайн дурын 2 ажилтан авч ажиллуулж байна. Энэ хоёр хүн нь Сэргээн засах үндэсний төвийн анги нээгдэж байх явцад ирж багш нарт ур чадвар болон мэдлэг дээшлүүлэх сургалтыг явуулсан. Мөн "Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо" хоёр дахь сайн дурын ажилтнаа авч ажиллуулж байна. Сара гэдэг мэргэжилтэн бий. Энэ хүн нь гарч ирсэн дохионы хэлний хэлмэрчдийг хэрхэн лицензжүүлж, ур чадвараар ангилж, мэргэжлийн байлгах вэ гэдэг тал дээр зөвлөгөө өгч байна. Харин манай "Сонсголгүйн боловсрол" төрийн бус байгууллагын хувьд  Монгол Улсад сонсголгүй 0-3 настай хүүхдийн боловсрол төрийн болон хувийн хэвшилд хаягдаад байгаа учир төрд нөлөөлөх болон сонсголгүйн боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийг мэдлэгжүүлэх талаар хамтран ажиллах сайн дурын ажилтныг ирэх 5 дугаар сараас авч ажиллуулах гэж байна.

    Өдгөө дэлхий дээр 1,3 тэрбум хүн ямар нэгэн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байгаа нь нийт хүн амын 16 орчим хувь буюу зургаан хүн тутмын нэг нь болж байгаа бөгөөд 200 сая орчим хүн үйлдлийн бэрхшээлтэй байна. Тэднээс 100 сая гаруй нь хүүхдүүд юм.  Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 80 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад амьдарч байна. Австралийн Засгийн газар хөгжиж буй орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад анхааран ажилладаг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн. Австрали улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахдаа “Бидний асуудлыг бидний оролцоотой” гэсэн тулгуур зарчим баримталдаг. Улмаар тусламжийн хөтөлбөрүүддээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулж, манлайллыг дэмжиж, хөгжлийн бүх үйл ажиллагаанд тэднийг хамруулахаар чармайн ажилладаг байна. “Сонсголын бэрхшээлтэй иргэдийг ойлгох нь” сургалт семинарын үеэр Австралийн сайн дурын хөтөлбөрийн Монголыг хариуцсан менежер С.Мөнхтуулаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихийн ач холбогдлын талаар асууж сонирхсон юм.

С.Мөнхтуул: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, тэдний эрх тэгш байдлыг хангах гэж бид их ярьж байна. Австрали улсын хувьд энэ нь бас маш их анхаарлын төвд байдаг асуудал юм. Бид Аутизмын холбоон дээр хүмүүс авч ирж байсан. Тусгай хэрэгцээтэй 10 дугаар цэцэрлэг зэрэг газарт боловсролын чиглэлээр хүмүүс авч ирж байсан. Энэ удаагийн сургалт бол сонсголгүй болон сул сонсголтой хүмүүсийн ахуй соёлын хэрхэн ойлгох вэ? Тэд нартай бид яаж харьцах ёстой вэ гэдгийг "Сонголгүйн боловсролын төв" болон "Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо"-ноос ийм хүмүүсийг ажилд авсан үедээ юуг анхаарах ёстой вэ? зөвлөдөг. Энэ бол ер нь хараан дээр суурилсан харилцаа байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийг бид яаж ойлгож, тэдгээр хүмүүсийн төрөлх хэл болсон дохионы хэлийг нийгэм маань өөрөө сурах хэрэгтэй байна. Тэр хэлийг бид сурч байж тэдгээр хүмүүсийг багаас нь нийгэмд татан оролцуулж, тэднийг нийгэмд биеэ даагаад амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэх юм. Энэ чиглэлээр Австралийн сонсголгүй хүн мэргэжилтэн маань "Сонсголгүйн боловсролын төв" дээр хамтран ажиллаж байна. Ер нь сонсголгүй хүүхэд сонсголгүй хүнээс төрдөггүй. Энэ талаар статистик судалгаа байдаг. Залуу аав ээжээс сонсголгүй хүүхэд төрлөө гэхэд эцэг эх нь багаас нь хэлийг нь ойлгож байж тэр хүүхдийг хөгжүүлэх боломжоор хангаж чадна. Тиймээс бид бүхэн нийтээрээ дохионы хэлийг сурах ёстой гэсэн зорилгийг ойлгуулах хэрэгтэй байна. Энэ бол хөгжлийн бэрхшээлийн ердөө нэг л төрөл юм. Аутизмтай хүүхдүүдийн талаар бас бид анхаарч ажиллаж байна. Цаашдаа ч анхаарах болно.

    Орчин үед сайн дурынхан хэн нэгнээс шан харамж горилохгүйгээр өөрт буй үнэт цаг, мэргэжлийн ур чадвар, оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна. Сайн дурын ажилд зөв эсвэл буруу үйл гэж байдаггүй. Бусдын төлөөх сайхан сэтгэлээр хийсэн үйлдэл бүхэн хэн нэгэнд тус хүргэсэн, хэн нэгний зовлонг нимгэлсэн буян болдог.

     Өнөөдөр дэлхий даяар сая сая залуучууд сайн дурын үйл ажиллагааг дэмжсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, нийгэмдээ дорвитой өөрчлөлтүүдийг хийсээр байна.

Үзсэн: 950

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна