“Мөстөл, мөсөн голоо хамгаалъя” чуулган Төрийн ордонд боллоо

Алтайн уулсын мөнх цас, мөсөн голын талбай 1940 оноос хойш 40 орчим хувиар багасжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” үндэсний хоёрдугаар чуулганыг “Мөстөл, мөсөн голоо хамгаалъя” уриан дор Төрийн ордонд зохион байгуулж байна. Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход усны нөөцийн нэгдсэн менежментийн тулгамдаж буй асуудал, мөсөн гол, цэвдгийн төлөв байдал, өөрчлөлтийн тухай хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлэхдээ, “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөр ган гачиг, усны үер, мөстлийн хайлалт эрчимжин, усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж, хязгаарлагдмал усны нөөц, ус ашиглалт, бохирдол зэрэг нь тулгамдсан асуудал болоод байна. Тухайлбал Алтайн уулсын мөнх цас, мөсөн голын талбай 1940 оноос хойш 40 орчим хувиар багасжээ. Тиймээс Ерөнхийлөгч, мөнх цас, мөсөн голыг хамгаалж, мөстлийн хайлалтын усыг хуримтлуулах, цаашид үүсэх боломжит нууруудыг тооцоолох, мөстлийг хайлуулахгүй хадгалах технологи нутагшуулах, усны бохирдлыг бууруулах, бохир усыг цэвэршүүлэх, дахин ашиглах тогтолцоо нэвтрүүлэх ёстой гэж үздэгээ хэллээ. Усны салбарын зорилт, төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарынхны санал, санаачилга, манлайлал, төр, засаг, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал байгааг тэмдэглэлээ.
Үзсэн: 966
Tweet