Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны яам хоорондын V зөвлөлдөх уулзалт Шинэ Дели хотноо болов

энэ үеэр Шинэ Дели хотын түүхэн дурсгалт газрын нэг бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн “Кутуб Минар” цамхгийг Монгол Улсын төрийн далбаагаар гэрэлтүүлэх ёслолын ажиллагаа боллоо
Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны яам хоорондын V зөвлөлдөх уулзалт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын нийслэл Шинэ Дели хотноо болов. Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсын “оюун санааны хөрш”, бүс нутаг дахь чухал түнш бөгөөд “гуравдагч хөрш” Энэтхэг Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд манай улс өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв. 2025 онд тохиож буй хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов. Манай хоёр улс хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж буйг тэмдэглээд Монгол Улсын Засгийн газрын 14 мега төслийн нэг, Монгол-Энэтхэгийн харилцааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаар тохиров. Мөн энэ үеэр Шинэ Дели хотын түүхэн дурсгалт газрын нэг бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн “Кутуб Минар” цамхгийг Монгол Улсын төрийн далбаагаар гэрэлтүүлэх ёслолын ажиллагаа боллоо.
Үзсэн: 3067
Tweet