"Аугаа их Эх орны дайны ялалт-Бидний хамтын ялалт" үзэсгэлэн гарч байна

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд А.Н.Евсиков үзэсгэлэнг нээж хэлэхдээ, "Монголд Цэргийн баяр болж буй энэ өдөр үзэсгэлэнг нээж байгаа нь санамсаргүй зүйл биш гэж бодож байна" гэв
Монголын цуглуулагч, «Кракко» уран зургийн галерейн захирал Ч.Энхжаргалын "Аугаа их Эх орны дайны ялалт-Бидний хамтын ялалт" үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд нээлээ. Энэ жил 1941-1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ой тохиож байгааг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгээр тус үзэсгэлэнг толилуулж байна. Үзэсгэлэнд Эх орны дайны үед дайчдад урам зориг өгөх зорилгоор гаргадаг байсан ЗХУ болон БНМАУ-ын ухуулгын зурагт хуудас, фронтоос ирсэн захидал, шуудангийн марк, Монголын орчин үеийн зураачдын дайн байлдааны сэдэвт бүтээлүүдийг дэлгэжээ. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд А.Н.Евсиков үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, "Монгол Улсад өнгөрсөн онд ирсэн Тасс агентлагийн удирдлагуудад зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаанд Ч.Энхжаргал хатагтайн цуглуулгын зарим үзмэрийг дэлгэсэн. Төлөөлөгчид эдгээр үзмэрийг хараад маш их гайхширсан. Учир нь манай улсад одоогоор ийм үзмэрийг хаанаас ч олохгүй. Тиймээс түүний цуглуулга цорын ганц, хосгүй юм. Мөн Халх голын дайнтай холбоотой үзмэрүүд ч өвөрмөц, хосгүй. Монголд Цэргийн баяр болж буй энэ өдөр үзэсгэлэнг нээж байгаа нь санамсаргүй зүйл биш гэж бодож байна. Энэ үзэсгэлэн бол хоёр улс тусгаар тогтнолыхоо төлөө мөр зэрэгцэн дайтаж байсныг гэрчилж байгаа юм" гэв. Зурагт хуудас нь уран зургийн нэг төрөл болтлоо хөгжсөн учраас галерей ажиллуулдаг хүний хувьд сонирхож судалсан гэж цуглуулагч Энхжаргал ярьж байв. Түүний цуглуулгууд бүгд онцгой, өвөрмөц ч "Хүн бүхнийг хүчээр дайчилсан ажиллагаа” зурагт хуудас нь тухайн үеийн алдартай гурван зураачийн хамтарсан маш ховор бүтээл аж. Энэ зурагт хуудсанд Герман цэргүүд нэгэн хөлгүй өвгөнийг цэрэгт татаж буйг дүрсэлсэн байна.
Үзсэн: 2019
Tweet