“Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Энд байх “Легница 9. IV. 1241” гэсэн тоо нь 1241 оны хавар Бат хааны цэргүүд Легницийн талд Польш, Европын хамтарсан цэргийн хүчийг бут цохисны илэрхийлэл ажээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлалын үеэрээ “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн Ерөнхийлөгч цогцолборын Хүндэт зочны дэвтэрт “Польшийн ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эрэлхэг цэрэг дайчдын мөнхийн гэгээн дурсгалд гүн хүндэтгэл илэрхийлье. Өнө эртний түүхэн уламжлалт харилцаатай Монгол, Польшийн ард түмний найрамдал нөхөрлөл, найрсаг дотно харилцаа өнө мөнхөд мандан бадрах болтугай” хэмээн бичиж үлдээлээ. Варшав хотын Маршал Юзеф Пилсүдскийн талбайд байрлах энэ хөшөөг Польшийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь үрэгдсэн үе үеийн цэрэг, дайчдын дурсгалд зориулан босгосон байна. Хөшөөнд “Энд эх орныхоо төлөө амиа өргөсөн польш цэрэг нойрсож байна” гэсэн үг сийлжээ. Цогцолборын багануудад харийн түрэмгийлэгчдийн эсрэг польш цэргүүдийн амиа алдаж байсан түүхт газруудын жагсаалт байдаг. Энд байх “Легница 9. IV. 1241” гэсэн тоо нь 1241 оны хавар Бат хааны цэргүүд Легницийн талд Польш, Европын хамтарсан цэргийн хүчийг бут цохисны илэрхийлэл ажээ.
Үзсэн: 2598
Tweet