Италийн "There’s Still Tomorrow" кино Монголын үзэгчдэд толилууллаа

2023 онд нээлтээ хийсэн уг кино нь Ромын кино наадмаас гурван шагнал хүртэж, Италийн бүх цагийн үеийн 10 шилдэг киноны нэг болжээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд Улаанбаатар дахь БНИУ-ын Элчин сайдын яамнаас соёлын олон арга хэмжээг энэ жил зохион байгуулж байна. Ойг тохиолдуулан Чингис хааны музейд 2023 онд нээлтээ хийж, дэлхийн 127 оронд гарсан Италийн "There’s Still Tomorrow" киног монгол, англи хадмал орчуулгатайгаар үзүүллээ. Тус кино нь жендэрийн тэгш байдал, гэр бүлийн хүчирхийллийг дайны дараах 1940-өөд оны Италид өрнөж буй үйл явдлаар харуулсан юм. Кино үзвэрийн өмнө Италийн Элчин сайдын яам, Жендэрийн үндэсний хороо хамтран “Жендэрийн эрх тэгш байдал руу зорих зам” сэдэвтэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Энэхүү хэлэлцүүлэгт Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета, УИХ-ын гишүүн, Монгол-Италийн парламент хоорондын найрамдлын бүлгийн дарга А.Ундраа, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шеннон Коулин, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Матильда Димовска, Халид Шарифи нар оролцсон юм. Кино үзвэрийн дараа энэхүү киноны зохиолч Жулиа Календа, Фурио Андреотти нар үзэгчдийн асуусан асуултад хариулт өглөө.
Бид энэ үеэр кино зохиолч Жулиа Календа-тай ярилцсан юм.
Жулиа Календа: Намайг Жулиа Календа гэдэг. Фурио Андеотти бид хоёр хамтран "There’s Still Tomorrow" киноны зохиолыг бичсэн юм. "There’s Still Tomorrow" кино маань 127 оронд нээлтээ хийсэн. Италийн бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны нэгээр шалгарсан. Тиймээс бид энэхүү бүтээлээрээ маш их бахархаж байгаа.
Асуулт: "There’s Still Tomorrow" нь дайны дараах Италийн жендэрийн тэгш бус байдлыг харуулсан. Энэ киноны зохиолыг бичих санаа анх яаж төрсөн бэ? Яагаад дайны дараах цаг үеийг сонгох болсон бэ?
Жулиа Календа: Бид энэхүү киногоороо өнөө үед ч байгаа нөхцөл байдлыг өнгөрсөн үеийн өгүүлэмжээр харуулахыг зорьсон. Учир нь 1946 онд Италид анх удаа эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрхтэй болж оролцсон. Энэ нь эмэгтэйчүүд өөрсдийн хүсэл зорилгын төлөө хөдөлсөн анхны алхам байсан тул бид үүнийг харуулахыг зорьсон юм. Өөр нэг чухал зүйл нь Италид одоог хүртэл олон тооны феминист хөдөлгөөн маш өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Бид тэдний төлөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж шийдсэн юм.
Асуулт: Киноны гол дүр Делиа уламжлалт гэр бүлийн бүтэцээс хэрхэн гарч буйг харуулдаг. Та түүний дүрийг хэрхэн бүтээсэн бэ? Түүний аяллаар дамжуулан ямар санааг илэрхийлэхийг хүссэн бэ?
Жулиа Календа: Бид доод давхаргын, жирийн нэгэн эмэгтэйн түүхийг өгүүлэхийг хүссэн. Учир нь ийм эмэгтэйчүүдийн тухай бараг өгүүлдэггүй ч тэд олон зүйлийг хийдэг. Дэлхийн хаана ч адилхан, ийм эмэгтэйчүүд маш ихийг хийдэг боловч тэдний амьдралыг хэн ч ярьдаггүй. Энэхүү киногоор өөрийгөө хэн ч биш гэж боддог нэгэн эмэгтэйн түүхийг өгүүлж, киноны төгсгөлд тэрээр ухамсартай нэгэн болж, санал өгөхөөр явж буйг харуулахыг хүссэн. Энэ бол түүнд тохиолдсон хамгийн том өөрчлөлт. Учир нь тэр анх удаа өөрийгөө зөвхөн ээж, эхнэр, охин биш, харин зүгээр л өөрийнхөөрөө байх гэдгийг мэдэрч байгаа юм.
Асуулт: Кинонд драм болон хүнийг хөгжөөгч элементүүд маш сайн тэнцвэртэй оруулсан гэж судлаачид үнэлсэн байсан. Хүнд сэдэвт инээдмийн элементийг хэрхэн оруулсан бэ?
Жулиа Календа: Энэ бол бидний хувьд хамгийн хэцүү зүйл байсан. Инээдэм, ноцтой асуудлын хоорондын тэнцвэрийг олох нь үнэхээр хүнд. Гэхдээ энэ бол бидний бичлэгийн онцлог юм. Өмнө нь ч бид ноцтой асуудлуудыг комеди ашиглан харуулж байсан удаатай. Энэ нэг талаар Италийн кино урлагийн уламжлалтай холбоотой. Италийн комеди үргэлж ноцтой сэдвийг хамруулдаг байсан. Бид үзэгчдэд хүчтэй сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн бөгөөд хэт хэрцгийгээр илэрхийлвэл үзэгчдэд хүлээж авахад хүндээр тусах тул инээдмийн аргыг ашигласан.
Асуулт: Киноны гол дүр Паола Кортелези-г энэ төслийн хамгийн гол түлхүүр хүн нь гэж хэлж болох уу?
Жулиа Календа: Тийм ээ, үнэхээр тийм. Паола Кортелези бол Италийн маш алдартай уран бүтээлч. Тэр нэгэн зэрэг гайхалтай драмын жүжигчин, шилдэг хошин шогийн жүжигчин болж хувирч чаддаг. Заримдаа түүний царайны хувирал маш олон төрлийн мэдрэмжийг илэрхийлж чаддаг. Тэр бол энэ төрлийн киноны хаан юм.
Асуулт: Киногоо хар, цагаанаар хийсэн нь зохиол өгүүлэмжийг бодитой болгоход тусалсан уу. Энэ сонголт таны бичлэгт хэрхэн нөлөөлсөн бэ?
Жулиа Календа: Энэ кино бидний санаанд хар, цагаан байх ёстой гэж анхнаасаа бодогдсон. Учир нь бид Италийн неореализм гэх кинематографийн уламжлалыг баримталсан. Гэхдээ үүнээс гадна ягаан неореализм хэмээх илүү хөнгөн, хөгжилтэй хэв маяг бий. Ийм төрлийн кинонуудыг бүгд хар, цагаанаар хийсэн байсан тул өөр сонголт бараг байгаагүй.
Асуулт: Энэхүү киноны зохиолыг бичихэд хамгийн хэцүү зүйл юу байсан бэ? Хамгийн сэтгэл хангалуун мөч тань юу байв?
Жулиа Календа: Бид киноныхоо ачаар өнөөдөр Монголд ирээд хүмүүсээс урмын сайхан үг олныг сонсож байгаа нь үнэхээр сайхан байна. Бид дэлхийн олон орноор аялан киногоо үзэгчдэд хүргэсэн. Олон эмэгтэй энэ киног үзсэний дараа цагдаад хандаж, өөрт тохиолдож буй асуудлаа ярих зоригтой болсон нь бидний хувьд хамгийн үнэ цэнтэй шагнал юм. Харин хамгийн хэцүү зүйл нь комеди ба драмын тэнцвэртэй байдлыг хангаж харуулах явдал байсан. Энэ төрлийн киноны зохиолыг "драмеди" гэж нэрлэдэг бөгөөд үүнийг харуулах үнэхээр хэцүү байдаг. Учир нь бид хүнд асуудлыг хөнгөн хэлбэрээр харагдуулахыг хүсээгүй ч, үзэгчдийг хэт их дарамтад оруулахыг ч хүсээгүй.
Асуулт: Кино зохиолоо хэр хугацаанд бичсэн бэ?
Жулиа Календа: Энэ зохиолыг 9 сарын турш дахин дахин бичсэн. Хамгийн гол нь киноныхоо төгсгөлийг бичих явдал байсан. Бид төгсгөл хэрхэн бичих санаагаа олсныхоо дараа л энэ киноны гол утга учир бүрэн гарч чадсан.
Асуулт: Кино урлаг нийгмийн өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж чадна гэж боддог вэ?
Жулиа Календа: Урлаг үргэлж улс төрийн шинжтэй байдаг. Учир нь кино урлаг нийгэмд хүчтэй мессеж түгээдэг. Бид энэ кинон дээр ажиллахдаа далдлагдсан асуудлыг олон нийтэд хүргэхийг зорьсон. Эмэгтэйчүүд ганцаараа байхдаа юу ч хийж чадахгүй мэт санагддаг боловч хамтдаа юуг ч хийж чадна. Энэ санааг бид эмэгтэйчүүдийн санал өгөх үйл явдлаар дамжуулан кинондоо оруулж өгсөн .
Асуулт: Ийм сэдвийг өөрсдийн түүхэн болон нийгмийн нөхцөл байдалд зохицуулан хэрхэн тусгах талаар Монголын кино бүтээгчдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?
Жулиа Календа: Бид Монголд ирээд гэр хороололд зочилсон. Бидэнд энэ газар маш тайван, эерэг энергитэй санагдсан. Гэхдээ хаа нэгтээ далд хүчирхийлэл байдаг эсэхийг мэдэхгүй. Кино зохиолчдын хувьд өөрсдийн орны нөхцөл байдлыг сайтар судалж, хамгийн чухал асуудлуудыг харуулах хэрэгтэй. Итали, Монголын асуудлууд өөр байж болох ч магадгүй нэгэн ижил зүйлс ч бас байгаа байх. Өмнө нь бид эмэгтэйчүүдийн ажлын байр, цалингийн тэгш бус байдлын талаар комеди кино бүтээж байсан. Ийм сэдвийг кинонд тусгахдаа нухацтай бөгөөд уран сайхны аргаар хандах хэрэгтэй.
Асуулт: Төгсгөлд нь та Монголын тухай сэтгэгдлээсээ хуваалцана уу?
Жулиа Календа: Монголд байсан нэг өдөр маань нэг жил юм шиг л сайхан санагдлаа. Монголчууд нь маш найрсаг сайхан хүмүүс юм. Бид Монголд заавал эргэж ирж, дахин зочлох болноо. Баярлалаа
Үзсэн: 40
Tweet