Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар тус улсад айлчилж байна

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар энэ сарын 9-12-нд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхим болон Төлөөлөгчдийн танхимын дарга, Ерөнхий сайд нар бараалхана. Талууд уламжлалт, найрсаг харилцааны түвшинг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Прага хотноо Морин хуур найрал хөгжим тоглолтоо сонирхуулж, бизнес форум зохион байгуулна. Мөн хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээж, нийтэд толилуулна. Энэ төрийн айлчлал хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа болж байгаа юм.
Үзсэн: 185
Tweet