Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 09-03-2025
Монгол

Шинэ мэдээ

Сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, золгов


Densmaa 2025-03-10 10:03

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн: "Монголчуудын өв уламжлалын нэгээхэн хэсэг болсон мэт мэдрэмжийг биеэрээ мэдэрч байгаадаа таатай байна” гэсэн юм

        Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баяр тохиолдуулан гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, золгов. Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сар нь төрт ёс, тусгаар тогтнолын бэлгэдэл, өв соёл, оюун санааны дархлаа юм. Энэхүү уламжлалт зан заншлаа гадаад улсаас манай улсад суугаа ДТГ-ын тэргүүн нарт сурталчлан таниулахын зэрэгцээ өөрийн өв соёлоороо дамжуулан эв нэгдлийн бэлгэдэл болгож ийнхүү Сар шинийн золголт зохион байгууллаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүрэлцэн ирсэн зочдод хандаж Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр , ариун цагаан сэтгэл, эв эе, ашдын заяаг бэлгэдсэн манай сайхан ёс заншил харилцан хүндэтгэл, хамтын нөхөрлөл, амжилт бүтээлийг улам батжуулахын ерөөл өргөж, монгол ёс заншил, соёлын үнэ цэн, цагаан сарын уламжлал, бэлгэдлийн талаар танилцуулсан юм. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган: “Миний хувьд Монголд ирээд гурав дахь жилдээ Сар шинийн баярыг тэмдэглэж байна. Монголчууд Цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг. Монголчуудын үндэсний баяр Цагаан сар бол төрөл төрөгсөд, ураг удмаараа баярладаг гэр бүлийн баяр төдийгүй өв уламжлал, түүх соёлоо үеэс үед түгээн дэлгэрүүлж байдаг ёс заншлын үл тасрах хэлхээ юм гэж ойлгодог. Та бүхэн минь Сар шинэдээ сайхан шинэлээрэй”. НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн: Миний хувьд анх удаа Цагаан сарын баяр тэмдэглэж байна. Цагаан сарын өдрүүдэд “Амар байна уу”, “Сайхан шинэлээрэй” гэдэг үгийг сурлаа. Цагаан сар нь ижий аав, өтгөс буурлуудаа хүндлэн дээдэлсэн төрт ёсны баяр болохыг нүдээрээ үзлээ. Монгол үндэсний өв соёл ямар их баялаг, өргөн агуулгатай болохыг ойлгож мэдэрч байна. Монголчуудын өв уламжлалын нэгээхэн хэсэг болсон мэт мэдрэмжийг биеэрээ мэдэрч байгаадаа таатай байна” гэсэн юм.

Үзсэн: 202

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна