Их эзэн Чингис хааны алтан хөшөө, шүтээн их цагаан тугийг хүндэтгэн залах ёслол боллоо

“Их хааны өргөө”-нд залсан 700 см х 630 см х 750 см хэмжээтэй Их эзэн Чингис хааны алтан хөшөөг Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болд бүтээжээ
XVII жарны “Элдэв Эрдэнэт” хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн хоёрны билэгт өдөр Мянганы суут хүмүүн, Их эзэн Чингис хааны алтан хөшөө, шүтээн их цагаан тугийг хүндэтгэн залах ёслол боллоо. Их эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор "Их хааны өргөө"-нд ийнхүү Их эзэн Чингис хааны алтан хөшөөг бүтээжээ. МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Их эзэн Чингис хаан Монголын түүхэнд төдийгүй дэлхий, ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг босгоход онцгой гавьяа байгуулсан. Монголчууд бид хүн төрөлхтний суут хүмүүн, Их хааны удам, Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан цагаан сараар, хаврын тэргүүн билэгт сайн өдөр Их хаандаа сүслэн мөргөж, хүндэтгэл үзүүлдэг байх учиртай. Өлзий билэгт сайн өдөр монголчууд бид Хүннү гүрнээс XX зууны эхэн үе хүртэлх монгол түмний төрт ёс, түүх соёлын бүрэн түүхийг багтаасан их өргөөний хойморт Их эзэн Чингис хааны орд өргөөг билэгдсэн “Их хааны өргөө”-г байгуулан, бахархан хүндлэх алтан хөшөөг, их амгаланг билэгдсэн шүтээн их цагаан туг, төрийн хасбуу тамгын хамт бүтээн залж байна” хэмээлээ. “Чингис хаан” үндэсний музейн “Их хааны өргөө”-нд залсан 700 см х 630 см х 750 см хэмжээтэй Их эзэн Чингис хааны алтан хөшөөг Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болд бүтээжээ. Монгол урчуудын уран сэтгэмж, ухааны тусгал болсон дүрслэхүйн уламжлалт тэгш хэмт тиг бүхий загвар хийцээр, Их эзэн Чингис хааныг Их Монгол Улсаа байгуулах үеийн буюу 1189 оны идэр залуу насны эрэмгий дүртэйгээр, цаашид агуу их үйлсээ бүтээх итгэл төгс, цэх суусан зохиомжтойгоор бүтээж, эх орноосоо олборлосон алтаар бүржээ. Их эзэн Чингис хааны алтан хөшөө нь Их Монгол Улсын алтан тамга, хаан сэнтий, алтан чимэглэл бүхий гантиг чулуун суурийн хэсгээс бүрдсэн бөгөөд алт, хүрэл, гантиг чулуун материалаар бүтээсэн байна. Хаан сэнтийд монголчуудын шүтээн Бурхан Халдун уулын оройг угалзлан дүрсэлсэн бол эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн гурван давхар цагаан гантиг суурин дээр ялан дийлэгчийн бэлгэдэл барсын арьс, төрт ёс бат оршихын бэлгэдэл хүндэтгэлийн их цагаан эсгий дэвссэн дүрслэлтэй аж. Нээлтийн ёслолын үеэр “Чингис хаан” үндэсний музейд байрлах “Их хааны өргөө” дэх Их Эзэн Чингис хааны алтан хөшөө, шүтээн их цагаан тугийг Монгол Улсын төрийн тахилгат 13 уулын хөрс шорооны дээж, алт эрдэнэсээр билэгдэн бүтээж, бишрэл хүндэтгэлийн ёслолын дагуу шүншиглэн амилуулсныг тус музейн захирал, шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, доктор, профессор С.Чулуун танилцууллаа.
Үзсэн: 65
Tweet