Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26-02-2025
монгол

Шинэ мэдээ

Монгол-Британийн Дугуй ширээний уулзалт боллоо


Densmaa 2025-02-27 08:02

Монгол-Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалт Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо боллоо.

     Уулзалтыг Монголын талаас Шадар сайд С.Амарсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын талаас Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кэтрин Уэст тэргүүлж оролцлоо.
Монгол-Британийн дугуй ширээний 15 дугаар уулзалтын хүрээнд;
✅ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР
Талууд Монгол, Британийн эдийн засгийн хамтын өсөлтийг хангах хүрээнд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаа нотоллоо. Мөн Улаанбаатар хотод метроны систем байгуулахад дэмжлэг үзүүлэх боломжийг Британийн Экспортын санхүүжилтийн агентлагтай үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцлоо.
✅ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кэтрин Уэст хоёр улсын стратегийн нөхцөл байдлын талаар танилцуулж, Монгол улсын эрчим хүчний реформыг амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд зохион байгуулахаар болсонд баяртай байгаагаа илэрхийлж, тус хурлын бэлтгэл ажил, хурлаас гарах үр дүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжилтнүүдээ харилцан солилцохоор тохирлоо.
✅ ЭРДЭС БАЯЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР
Монгол Улсын эрдэс баялгийг байгалийн өвөрмөц тогтоц, өвийг хөндөхгүйгээр олборлох нь чухал гэдэгтэй санал нэгдэв. Мөн хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, байгаль орчин, нийгмийн хариуцлага болон засаглалын өндөр стандартыг нэвтрүүлэх, Монгол хүний ур чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулахын ач холбогдлын талаар ярилцлаа.
✅ БОЛОВСРОЛ, ИРГЭНИЙ НИЙГЭМ БОЛОН ИРГЭД ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР
Монгол, Британийн иргэд хоорондын харилцаа бэхжиж, ялангуяа Чевенинг тэтгэлэгт хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцоо идэвхтэй өргөжиж байгааг талууд онцоллоо.
ИБУИНХУ-ын Гадаад харилцаа, Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст Монгол Улс дахь англи хэлний сургалтыг Британийн тал үргэлжлүүлэн дэмжиж байгааг цохон тэмдэглэлээ. Цаашид Британи компаниудтай өрнүүлж буй түншлэлд суурилан англи хэлний сургалтад хамрагдах бололцоог нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, Монгол залуусын Чевенинг тэтгэлгээр суралцах, дээд боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллахаар боллоо.
Монгол-Британийн дугуй ширээний 15 дугаар уулзалтын хүрээнд талууд Эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр улс хүйсийн эрх тэгш байдлыг хангах, Парламент дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн төлөө онцгой анхаарна гэдгээ санал нэгтэй илэрхийллээ.

Үзсэн: 780

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна