Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Сор кашемир”, “Сноу Филдс”, “Улаанбаатар хивс” компанид ажиллалаа
![](http://www.vom.mn/uploads/images/2025-02/2025_02_14-11_21_18_x3.jpeg)
Ерөнхийлөгч малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгох зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Сор кашемир”, “Сноу Филдс”, “Улаанбаатар хивс” компанид ажиллалаа. Ерөнхийлөгч малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгох зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна. “Сор кашемир” 13 аймгаас жилд 800 тн ноолуур бэлтгэхийн зэрэгцээ 200 орчим тн тэмээний ноос, 30 гаруй тн сарлагийн хөөвөр, 200 гаруй тн хонины ноосыг боловсруулж, цэвэр утас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүнээ дэлхийн 17 оронд гаргадаг бөгөөд дотоодын 150 гаруй сүлжих цехийг ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн ээрмэл утсаар хангадаг. Цаашид хялгас ялгах үйлдвэрээ өргөтгөхөөр төлөвлөсөн тухай компанийн удирдлага танилцууллаа. “Сноу Филдс” Дорнод аймгийн гурван сумын 360 малчин өрхтэй хамтран ноос, ноолуураа бэлтгэж, жилд 50 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэн Япон, ОХУ, Украйн, Франц, АНУ, Щвейцари, Герман, Солонгос улсад экспортолж байна. Мөн жилд 70 тн ноолуур, ноос, хөөврөн утас үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлдэг. Цаашид байгальд ээлтэй ээрсэн утас, сүлжсэн деталийг дахин боловсруулах дамжлага суурилуулж, хуучин ноос, ноолууран хувцсыг ээрмэл утас болгож эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. “Улаанбаатар хивс” ХК Алтанбулаг, Алтан өргөө, Саян, Улаанбаатар зэрэг нэр төрлийн цэвэр ноосон хивс үйлдвэрлэдэг. Жилд дунджаар 55-60 мянган м2 хивс зах зээлд нийлүүлж байгаа нь дотоодод үйлдвэрлэдэг нийт хивсний 10-12 хувь юм. Хивсний 30-35 хувийг БНХАУ-д нийлүүлдэг бөгөөд тоног төхөөрөмжөө шинэчилж, хүчин чадлаа нэмэхээр төлөвлөжээ. “Цагаан алт” үндэсний хөтөлбөр нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих, малчдын орлого нэмэгдэх зэрэг олон давуу талтайг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хэлж байлаа.
Үзсэн: 823
Tweet