Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13-02-2025
Монгол

Шинэ мэдээ

Дэлхийн радиогийн өдөр


Densmaa 2025-02-13 02:02

1946 оны 2 дугаар сарын 13-ний өдөр НҮБ-ын радиогийн анхны нэвтрүүлэг цацагдсаныг онцолж, 2011 онд ЮНЕСКО-ийн ээлжит бага хурлаар тус өдрийг “Дэлхийн радиогийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргажээ.

     Улмаар радиогийн үнэ цэнэ, ач холбогдлыг сурталчлан таниулах, хүртээмжийг сайжруулах, радио сонсогчдын дуу хоолойг сонсох зорилгын дор тус өдрийг дэлхий даяар 14 дахь жилдээ тэмдэглэж байна. 2025 онд дэлхийн радиогийн өдрийг “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор тэмдэглэхийг ЮНЕСКО-оос уриалсан. 

    Дэлхий дахинаа аюулын харанга дэлдээд байгаа нэгэн зүйл бол дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөө юм. Монгол орныг газар зүйн байршил, эрс тэс цаг агаар зэргээс үүдэн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг гэж судлаачид үздэг. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагавар хүн зоны аж амьдрал, байгаль цаг уурт ажиглагдаж байна. Тодруулбал, сүүлийн 40 жилийн судалгаанаас харахад Монгол орны агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр нэмэгдсэн байна. Харин сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн агаарын дундаж температур 0.74 хэмээр нэмэгджээ. Энэ нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай оронд илүү хурдтай явагдаж, байгаль цаг уурын сөрөг нөлөө нэмэгдэж байгаагийн илэрхийлэл юм. Дээрээс нь хур тунадасны тархалт харилцан адилгүй болсон. Зарим газар олон жилийн дундаж хэмжээнээс илүү их хур тунадас орж байгаа бол зарим хэсэгт олон жилийн дундаж хэмжээнээс хэт бага хур тунадас орох тохиолдол гарч байна. Энэ нь дэлхийн дулаарлаас болж уур амьсгалын хэмнэл алдагдаж байна гэсэн үг хэмээн мэргэжлийн хүмүүс тайлбарладаг. Өөр нэгэн жишээ бол 30-40 жилийн өмнө Монголд жилдээ 30 орчим байгалийн гамшигт үзэгдэл буюу ган, зуд, шороо болон цасан шуурга, аадар бороо ордог байсан бол сүүлийн жилүүдэд эдгээр байгалийн гамшгийн давтамж хоёр дахин өссөн байна. 

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа: 

Уур амьсгалын өөрчлөлтөөс болоод ямар сөрөг үр дагаврууд гарч байна вэ гэхлээр манай орны хувьд мөнх цас, мөс, цэвдэг их хэмжээгээр хайлж байна. Энэ бол эко системд учруулж байгаа сөрөг нөлөөлөл. Мөн газрын доройтол эвдрэл бэлчээрийн доройтол болж байна. Үүнээс улбаалаад цөлжилтийн асуудал, усны хомсдолын асуудал гарч ирнэ. Жил болгоны усны тооллогоос харахад горхи, булаг нуур, цөөрөм дандаа ширгэсэн гэсэн тоон мэдээллүүд гардаг. Энэ нь мөн л миний хэлсэн дэлхийн дулааралтай холбоотой сөрөг үр дагавар харагдаж байна. Гамшигт үзэгдлийн давтагдлууд маш их хэмжээгээр ихсэж байна. Тухайлбал, хүчтэй салхи, шороон шуурга, аадар тунадас, уруйн үер их болж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь байгаль экосистемд гарч байгаа боловч эргээд хүний эрүүл мэнд нийгмийн хөгжилд байнга нөлөөлж байдаг. Тийм ч учраас дэлхийн улс орнууд сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийг эдийн засгийн хөгжилтэй холбож тайлбарлаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлээс хамгаалах бэлэн байх хөтөлбөр, бодлого, үйл ажиллагааг салбар болгон хэрэгжүүлэх нь яах аргагүй чухал юм. Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол хүлэмжийн хий. Хүн төрөлхтөн үүсэж бий болсноосоо эхлээд хүлэмжийн хийг тодорхой хэмжээгээр гаргаж эхэлсэн. Физик талаас нь товчхон ярих юм бол агаар мандал гэдэг нь өөрөө хийнүүдийн холимог бүтэцтэй, тогтмол буюу тогтмол буй найрлагатай байдаг. Манай орны хувьд нүүрс олборлолт ашиглалт, ойн нөөцийн хомсдол, уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой агаар мандалд гарч байгаа хүлэмжийн хий ихсэж байна.

    Азийн улс орнуудад сүүлийн 10 жилд агаарын температур 0.84 хэмээр дулаарсан байгаа бол эх газрын өндөрлөг нутгууд болох Хятад, Иран, Монгол, ОХУ-д 1 хэм буюу түүнээс дээш хэмжээгээр дулаарсан байна. Цаг уурын станцууд дээр багажаар хийсэн ажиглалтаар агаарын жилийн дундаж температур Монголд 1940 оноос 2011 оны хооронд 2.16C- ээр дулаарсан нь дэлхийн дундажтай харьцуулахад маш өндөр үзүүлэлт юм.  Мөн Монгол улсад болсон хамгийн их дулаан үеүд 1997 оноос хойш тохиолдсон нь дэлхийн хэмжээнд хамгийн хурдацтай дулаарч байгаа орны нэгт тооцогдож байна.

      Дэлхийн дулааралтай холбоотой хамгийн бодит мэдээлэл, тоо баримт судалгааны үр дүнг авах боломжтой газар бол НҮБ-ын дэргэдэх IPCC зөвлөл юм. Тус зөвлөлд дэлхийн 190 гаруй орны эрдэмтэн судлаачид нэгдсэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын талаар томоохон судалгаа хийж танилцуулдаг байна. Хамгийн сүүлийн судалгаанд дурдсанаар 2011-2020 онд дэлхийн гадаргын температур 1850-1900 оны үеийнхээс Цельсийн 1.01 хэмээр нэмэгджээ. Үүний сүүлийн таван жил нь 1850 оноос хойших хамгийн халуун жилүүд байжээ. Далайн түвшний өсөлт одоогийн байдлаар 1901-1971 оны дунджаас гурав дахин нэмэгдсэн байна. 1950-аад оноос хойш дэлхий даяар агаарын халалтаас үүдэлтэй гамшигт үзэгдлийн давтамж улам нэмэгдэж, хүйтрэлт буурсан нь статистик тоо баримтаар батлагджээ.

Байгаль орчны шинжээч Мөрөн:

Дэлхийн дулаарал явагдсанаар ямар хор уршигтай вэ гэдгийг маш олон талаас нь тайлбарласан байна. Эндээс 2-ыг нь онцлоод авч үзье. Хамгийн эхнийх нь бол огцом халуун цаг байгаа юм.  Монгол орны хувьд зарим зундаа их хэмжээгээр халж, зарим зун нь тийм ч их халдаггүй.  Тэгэхээр 1850-аас 1900 онууд буюу дэлхийн дулаарал явагдаагүй байх үед 10 жил тутамд нэг л удаа огцом халуун цаг агаар тохиолддог байсан. Харин одоо 2,8 дахин буюу 3 дахин их тохиолддог болчихсон байна. Өөрөөр хэлбэл 10 жил дотор нэг тохиолддог байсан бол одоо 10 жил тутамд 3 тохиолддог болчихсон байх жишээний. Мөн нэг тохиолдохдоо температур нь 1,2 С-ээр илүү халуун тохиолддог болсон байна. Монголд нэг удаад халуун зун тохиолдоход 33 C хүрдэг байсан бол одоо бол одоо 34 C болсон байх жишээний. Дэлхийн дулаарал цаашаа энэ хэвээрээ үргэлжлээд байвал огцом халуун цаг агаарын давтамж ихэснэ. Дээрээс нь нэг удаа тохиолдох халуун нөлөөлөл 33 С тохиолддог байсан бол 38 С болтлоо нэмэгдэх аймшигтай дүр зураг харагдаж байна. Хоёр дахь нөлөөлөл нь болохоор ХАА экологийн ган болох үзэгдэл байна. 1850-аад оноос 1900 оны хооронд 10 жил тутамд нэг удаа ган болдог байсан. Харин одоо  1,7 буюу 5 жил тутамд нэг тохиолддог болж давтамж нь 2 дахин ихэссэн байна. Мөн нэг тохиолдохдоо 0,3 стандарт заалтаар илүү хуурай тохиолддог болчихсон нь энэ судалгаанаас харагдаж байна. Дэлхийн дулаарал үргэлжлээд 4 C хүрэх юм бол 10 жил тутамд 4 удаа ган тохиолдоно. Дараагийн нэг зүйл нь хүний нөлөөгөөр дэлхийн гадаргын температур 1,1 C-ээр өссөн байна. Үүнийг улам бүр задлаад харах юм бол 1,5 C-ийн өсөлт нь дан хүлэмжийн ялгарлаас болсон өсөлт. Харин хүн төрөлхтний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн дэлхийн дулаарал 0,4 С-ээр бууруулсан. Ингээд нийтдээ 1,1 С-ээр дэлхийн гадаргын температур өссөн гэсэн үг. Үүнээс гадна 1,5 С-ээр өссөн хүлэмжийн хийн 90% нь хоёрхон хийнээс хамаарч байгаа. Энэ нь нүүрсхүчлийн хий буюу СO2,  метан хий буюу СН4 юм. Эдгээр хийнүүдийг ялгарлыг эдийн засгийн салбараар нь авч үзэх юм бол хамгийн эхэнд буюу 29%-ийг эрчим хүчний салбар эзэлж байна. Монголын жишээн дээр юу вэ гэхээр ДЦС ууд юм. Учир нь тог цахилгаан гаргахын тулд ДЦС их хэмжээний нүүрс түлдэг энэ нь хүлэмжийн хийг маш ихээр ялгаруулдаг байна. Үүний дараа 20%-ийг нь тээврийн салбар буюу автомашинаас ялгарч байгаа утаа эзэлж байна.

    Ийнхүү дэлхийн дулаарал нэмэгдэх тусам Монгол улсад аюултай гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Учир нь манай улсад уур амьсгалын өөрчлөлт байгаль орчноос гадна эдийн засгийн хохирол ч их тусна гэж салбарынхан тооцоолж байгаа юм.  

    Дэлхийн дулаарлаас сэргийлэх хоёр л арга байгааг эрдэмтэн судлаачид онцолж буй. Тэдний хэлж буйгаар нэгдүгээрт, нүүрс түлэхээ болих буюу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах юм. Хүлэмжийн хий ихэснэ гэдэг нь дэлхийн агаар мандалд өөрчлөлт орж дэлхийн дулаарал нэмэгдэх нэг том шалгаан болдог байна. Монгол улс хүлэмжийн хийн их хэмжээний ялгарлаараа дэлхийд тэгүүлдэггүй ч гэсэн нэг хүнд ноогдох хэмжээгээрээ дээгүүрт бичигддэг. Монгол Улсын хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ Япон, БНСУ гэх зэрэг хөгжингүй орнуудтай харьцуулахад нүүрсхүчил ихээр ялгаруулдгаараа онцлогтой. Иймээс эрчим хүчний салбарт энэхүү нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах нь чухал хэмээн ЖАЙКА-аас хэрэгжүүлсэн "Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллого хийх мөчлөгийг тасралтгүй сайжруулах" төслийн тайланд дурджээ. Түүнчлэн Монгол орны хүлэмжийн хийн ялгарлын төлөв байдал цаашид эрчим хүчний салбарт нүүрсний хэрэглээнээс, хөдөө аж ахуйн салбарт малын тооноос шууд хамааран тогтмол өсөх хандлагатай байгааг Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн үндэсний тайлан онцолсон байдаг. Иймд энэ хоёр салбарт чиглэсэн бодлого боловсруулж нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой ажиллаж байгаа тухай БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам ийнхүү ярилаа.

Ш.Цэрэндулам: Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсон. Энэ хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22,7%-аар бууруулна гэдэг үндэсний үүрэг амлалтыг тависан. Иймээс хэд хэдэн  салбарыг тэргүүлэх салбараараа тодорхойлсон. Үүнд 6 салбар байдаг. Тэр дундаас онцлоод хэлэхэд эрчим хүчний салбар байна. Эрчим хүчний салбар бол хүлэмжийн ялгалыг  бууруулахтай холбоотой Монгол улсын үүрэг амлалтын 50%-ийг хэрэгжүүлнэ гэдэг үндсэн мандаттай ажиллаж байгаа. Энэ хүрээнд 1 дүгээрт эрчим хүчний хэмнэлтийн асуудал яригдана. 2 дугаарт сэргээгдэх эрчим хүчний асуудал яригдана. Мөн эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг бас нэмэгдүүлэх асуудлууд яригдаж байгаа. Дараагийн салбар бол ХАА-н салбар. ХАА-н салбарт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон сааруулах чиглэлийн ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Одоо хийгдэж байгаа ажлууд гэх юм бол малчдын амьжиргааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулсан ашиг шимийг нэмэгдүүлсэн үйл ажиллагаанууд хийгдэж байна. Тооноос илүүтэй ашиг шимийг дээшлүүлэх чиглэлд анхаарч байна. Иргэний нийгмийн байгууллагууд нэн ялангуяа малчдын бүлэг, төрийн бус байгууллагуудын хүрээнд инновацлаг шинэлэг ажлуудыг зохион байгуулсан.  

    Дэлхийн дулаарлаас сэргийлэх хоёр дахь арга бол ногоон байгууламжийг нэмэгдүүлэх. Тиймээс ойжуулалтын нөхөн сэргээлтийн технологио эргэж харах, шинэчлэх зайлшгүй шаардлага ихэнх улс орнуудад  тулгарчээ. Өнөөгийн байдлаар Монгол улсын хэмжээнд 1.7 сая га ойн талбай  түймэрт нэрвэгдсэн байна. Ойжуулалтын асуудлыг бүс нутгаар нь авч хэрэгжүүлж байгаа боловч хортон шавж, хууль бус мод бэлтгэхтэй холбоотойгоор ойн нөөц багассаар байгаа аж. Цаашид хөдөө аж ахуй болон ойн аж ахуйн салбар уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох ёстой. Ингэхийн тулд мод тарихаас гадна газар тариалангийн асуудалд ч бас анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Дэлхийн нийт газар нутгийн 30 орчим хувийг эзлэн ургадаг ой мод дэлхийн дулаарлын үндсэн шалтгаануудын нэг болсон нүүрсхүчлийн хийг 80 хүртэл хувиар өөртөө шингээдэг. Үүгээр ч зогсохгүй нэг мод жилд 34 кг тоос шингээдэг гэсэн судалгаа бий. Иймээс Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилга дор "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг манай улс хэрэгжүүлж буй. Тус хөтөлбөр нь хэрэгжиж эхэлснээр агаар мандал дахь хүлэмжийн хийг бууруулж дэлхийн дулаарлыг багасгахад хувь нэмрээ оруулсаар байна.

Үзсэн: 18

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна