“Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээлээ
![](http://www.vom.mn/uploads/images/2025-02/2025_02_12-01_50_00_x3.png)
Энд алт, мөнгө, цайр гэх мэт металлаар хийсэн, МЭӨ үеийн хадны сүг зураг, буган чулуун хөшөөг дүрсэлсэн бүтээлээс авахуулаад эрийн гурван наадмыг дүрсэлсэн шатар байна
XVII жарны хөхөгчин могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан болж байгаа “Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээлээ. Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар нээж хэлэхдээ, "Шатар бол монголын өв тээсэн үнэ цэнийн салшгүй нэг хэсэг. Шатар монголоос үүсэн, Арабаар дамжиж, Европт тархсан гэх эх сурвалжууд бий. Мөн английн эрдэмтэн "Хүннүчүүд МЭӨ 400-450 оны үед шатар тоглож байсан"-ыг баталсан байдаг. Түүнчлэн, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших "Шатар чулуу" буган чулуун хөшөөн дурсгал 3 мянган жилийн түүхтэй. Монгол овогтны нэг шатарчин хааныг өөд болоход энэ газар оршуулж, дурсгалыг нь мөнхлөн, шатар чулуун хөшөөг босгосон гэх домог бий” гэлээ. Түүнчлэн, 2200 жилийн өмнөх Хүннүгийн булшнаас монголын археологич бэрс гэдэг домгийн амьтны дүрсийг алтан зоосон дээр цутгасан олдвор олсон. Бэрсийг европт хатан гэж нэрлэдэг. Монгол шатарт л зөвхөн хамгийн хүчирхэг дүрсийг бэрс гэж нэрлэдэг байна. Үзэсгэлэнд түүх, соёлыг харуулсан “Чингис хаан”, “Нүүдэлчин Монгол”, “Монгол наадам”, “Уран бэрийн нүүдэл” зэрэг 36 загвар шатар дэлгэжээ. Энд алт, мөнгө, цайр гэх мэт металлаар хийсэн, МЭӨ үеийн хадны сүг зураг, буган чулуун хөшөөг дүрсэлсэн бүтээлээс авахуулаад эрийн гурван наадмыг дүрсэлсэн шатар байна.
Үзсэн: 18
Tweet