Миланы загварын долоо хоног
![](http://www.vom.mn/uploads/images/2025-02/2025_02_10-01_29_48_x3.jpg)
Миланы загварын 7 хоногт Монголын Ноос, Ноолуурын Холбоо “GoMongolia” төслийг танилцуулж Топ Донж, Ханбогд, Снөү Фийлд, Гоёл, Нэгүн кашмер компаниуд оролцоно
Дэлхийн загварын ертөнцийн чиг хандлагыг тодорхойлдог томоохон арга хэмжээ болох Миланы загварын 7 хоног 2025 оны 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 3-ны хооронд болох гэж байна. Италийн Гадаад Харилцаа, Олон Улсын Хамтын Ажиллагааны Яам, Италийн Худалдааны Агентлаг болон Милан хотын захиргааны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах Миланы загварын 7 хоногт Монголын ноолуурын компаниуд нэгдэн “Go Mongolia” үндэсний брэндийн концепци дор оролцож Монгол улс төдийгүй ноолуур хэмээх соёлын өвийг дэлхийн тавцанд сурталчлах гэж байна. 2 дугаар сарын 5-нд болсон Миланы загварын 7 хоногийн хэвлэлийн хурлын үеэр Олон улсын хамтын ажиллагааны төслүүдийг дэмжих зорилгоор Миланы загварын 7 хоногт Монголын Ноос, Ноолуурын Холбоо “GoMongolia” төслийг танилцуулж Топ Донж, Ханбогд, Снөү Фийлд, Гоёл, Нэгүн кашмер компаниуд Fashion Hub-ийн тусгай танхимд долоо хоногийн турш өөрсдийн цуглуулгаа толилуулах болсныг албан ёсоор зарлалаа. Миланы загварын 7 хоногийг GUCCI 2-р сарын 25-нд нээж, уламжлал ёсоор Giorgio Armani-гийн загварын шоугаар хаах юм. Энэхүү долоо хоногийг үеэр нийт 153 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнд 55 загварын шоу, 6 цахим, 65 танилцуулга, 4 урьдчилан танилцуулга, 23 тусгай арга хэмжээ багтаж байгаа юм. Эдгээрээс зарим онцлох арга хэмжээг дурдвал FENDI брэнд үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойгоо тэмдэглэж хамтарсан загварын шоу үзүүлнэ.
Үзсэн: 30
Tweet