Монгол ноолуур Миланы загварын 7 хоногт оролцоно
![](http://www.vom.mn/uploads/images/2025-02/2025_02_10-09_34_56_x3.jpg)
Миланы загварын 7 хоногт Монголын ноолуурын компаниуд нэгдэн “Go Mongolia” үндэсний брэндийн концепци дор оролцох гэж байна.
Дэлхийн загварын ертөнцийн чиг хандлагыг тодорхойлдог томоохон арга хэмжээ болох Миланы загварын 7 хоног (Milano Fashion Week®) 2025 оны 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 3-ны хооронд болох гэж байна. Италийн Гадаад Харилцаа, Олон Улсын Хамтын Ажиллагааны Яам, Италийн Худалдааны Агентлаг болон Милан хотын захиргааны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах Миланы загварын 7 хоногт Монголын ноолуурын компаниуд нэгдэн “Go Mongolia” үндэсний брэндийн концепци дор оролцож Монгол улс төдийгүй ноолуур хэмээх соёлын өвийг дэлхийн тавцанд сурталчлах гэж байна. 2 дугаар сарын 5-нд болсон Миланы загварын 7 хоногийн хэвлэлийн хурлын үеэр Олон улсын хамтын ажиллагааны төслүүдийг дэмжих зорилгоор Миланы загварын 7 хоногт Монголын Ноос, Ноолуурын Холбоо “GoMongolia” төслийг танилцуулж Топ Донж, Ханбогд, Снөү Фийлд, Гоёл, Нэгүн кашмер компаниуд Fashion Hub-ийн тусгай танхимд долоо хоногийн турш өөрсдийн цуглуулгаа толилуулах болсныг албан ёсоор зарлалаа.
Миланы загварын 7 хоногийг GUCCI 2-р сарын 25-нд нээж, уламжлал ёсоор Giorgio Armani-гийн загварын шоугаар хаах юм. Энэхүү долоо хоногийг үеэр нийт 153 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнд 55 загварын шоу, 6 цахим шоу, 65 танилцуулга, 4 урьдчилан танилцуулга, 23 тусгай арга хэмжээ багтаж байгаа юм. Эдгээрээс зарим онцлох арга хэмжээг дурдвал FENDI брэнд үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойгоо тэмдэглэж хамтарсан загварын шоу үзүүлэх бол DSQUARED2 брэндийн 30 жилийн ой, K-WAY брэндийн 60 жилийн ой, SANTONI брэндийн 50 жилийн ойн шоу үзүүлбэрүүд тус тус болох юм байна.
Үзсэн: 619
Tweet