Нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээн болов
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Монгол Улсад “Дронкон” нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтад оролцлоо. Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Монгол Улсад “Дронкон” нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон мэргэжлийн шигшээ тоглолтыг үзэж, шилдэг оролцогчдод шагнал гардуулав. Тэрээр дэлхий дахинд нисгэгчгүй нисэх хэрэгслийн технологи асар хурдацтай хөгжиж, түүний хэрэглээ эдийн засаг, батлан хамгаалах, гамшигтай тэмцэх зэрэг бүхий л салбарын үйл ажиллагаанд нэн эрчимтэй нэвтэрч, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүчийг үлэмж хэмнэж байгааг тодотгов. Иймд дроны техник, технологийг нэвтрүүлэх, үндэсний аюулгүй байдал, улс ардын аж ахуйд өргөнөөр ашиглах, чадварлаг оператор-нисгэгчдийг бэлтгэх, улмаар дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр засгийн бодлого, олон нийтийн идэвхтэй оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэл чиглэх учиртайг тэмдэглэв. “Дронкон” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн нь Монгол Улсад нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэхийн зэрэгцээ дроны хэрэглээ, үйлдвэрлэл, хөгжүүлэлтийг шинэ шатанд гаргаж, үндэсний техник, технологи, мэргэжлийн хүний нөөцийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Энэ чиглэлд хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн санаачилга, оролцоо үлэмж их байгааг сайшаан тэмдэглэхийн хажуугаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд идэвхтэй оролцсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.
Үзсэн: 882
Tweet