Увс аймгийн Америкийн соёл мэдээллийн төвд хөрөнгө оруулалт хийлээ
Тус төвийг зорин ирсэн хэн бүхэн Америкийн соёл, мэдээллийн төвийн англи хэлний үнэ төлбөргүй сургалтуудад хамрагдах боломжтой юм
Увс аймгийн Нийтийн номын сан дахь Америкийн соёл мэдээллийн төвд АНУ-ын Монгол дахь ЭСЯ-аас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Монгол дахь Америкийн соёл мэдээллийн төвүүд нь Монгол Улсын иргэдийг АНУ-ын түүх соёл, боловсрол, ард түмний тухай мэдээллийн эх сурвалжаар хангах зорилготой. 2023 оны 7 дугаар сараас Увс аймаг дахь тус төв олон улсын стандартыг бүрэн хангаж, үйл ажиллагаагаа албан ёсоор өргөжүүлэн 600 гаруй мэдээллийн төвийн нэг болжээ. Ингэснээр жил бүр АНУ-ын Засгийн газраас 20 мянган долларын буцалтгүй тусламж авч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эрхтэй болж байна. Түүнчлэн элсэлтийн ерөнхий шалгалт болон бусад төрлийн англи хэлний шалгалт өгөхөд чухал шаардлагатай сүүлийн үеийн англи хэлний ном, сурах бичгээр бүрэн хангасан байна. Тус төвийг зорин ирсэн хэн бүхэн Америкийн соёл, мэдээллийн төвийн англи хэлний үнэ төлбөргүй сургалтуудад хамрагдах боломжтой юм. Ийнхүү аймгийн төв номын санд хөрөнгө оруулалт хийж, орчин нөхцлийг сайжруулан илүү тухтай үйлчилгээ авах нөхцөл бүрдсэнээр Увс аймгийн Нийтийн номын санг зорьж ирэх үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Үзсэн: 99
Tweet