Улсын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд түрүүлэв
Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор монголын долоон тамирчин өрсөлдөж, Б.Ачбадрах хоёр зайд алтан медаль хүртлээ
БНСУ-ын Пёнчан хотод тус улсын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болоход Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор монголын долоон тамирчин өрсөлдөж, Б.Ачбадрах хоёр зайд алтан медаль хүртлээ. Тухайлбал, Б.Ачбадрах тэмцээний эрэгтэйчүүдийн сонгомол 15 км-ын зайг 46:07.9 минутад туулснаар түрүүлсэн бол тэшилтийн 30 км-ын зайг 1:19.05 цагт туулснаар алтан медаль хүртсэн байна. Тэрбээр өнгөрсөн жилийн тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Энэ жил амжилтаа ахиулан хошой алтан медальтан болов. Б.Ачбадрах БНХАУ-ын Харбин хотод ирэх сарын 7-нд эхлэх Азийн өвлийн спортын наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа бөгөөд түүний хувьд гүйлтийн цанын “Б” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин юм.
Үзсэн: 48
Tweet