Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шүфани-гийн мэндчилгээ

Монгол Улсын хувьд Канад нь Хойд Америк дахь чухал түнш, гуравдагч хөрш бөгөөд томоохон хөрөнгө оруулагч юм.
Манай хоёр орны хамтын ажиллагаа нь ардчилал, хууль эрх зүйг дээдлэх, хүний эрх болон эрх чөлөөг хүндэтгэх нийтлэг үнэт зүйлс дээр тулгуурладаг. 2024 онд Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаанд олон онцлох үйл явдал болж өнгөрсний дотор Монгол Улсын Гадаад харилцааны яам, Канад Улсын Гадаад хэргийн яам хоорондын II зөвлөлдөх уулзалт 2024 оны 12 дугаар сард Оттава хотод болсон юм. Энэхүү уулзалтаар Монгол, Канадын “Иж бүрэн түншлэл”-ийг бэхжүүлэх, энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудын талаар санал солилцсон. Канадын тал Энэтхэг Номхон далайн стратегийнхаа хүрээнд Монгол Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, чингэхдээ уур амьсгалын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, цахим хөгжил, соёлын солилцоог чухалчилж байгааг тэмдэглэж байсан юм. Сүүлийн жилүүдэд Канадын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад үзүүлж буй тусламж 60 хувиар нэмэгдээд байгаа юм.
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шүфани-гийн шинэ оны мэндчилгээг хүргэе.
Сайн байна уу эрхэм анд нөхдөө,
Энэхүү шинэ оны мэндчилгээг та бүхэнд хүргэж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. 2024 он Канад, Монголын харилцааны хувьд амжилтаар дүүрэн онцгой жил байлаа. 5 дугаар сард Энэтхэг-Номхон далайн стратегийн тусгай элч Иан МкКэй Монголд айлчилсан. Түүний энэхүү айлчлал нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Монголын гүйцэтгэж буй үүрэг болон дээрх стратегиас үүдэлтэй боломжуудыг онцолсон айлчлал болсон юм. 10 дугаар сард Канадын уул уурхайн ассоциаци Монголын Уул уурхайн үндэсний ассоциацитай Тогтвортой уул уурхайн стандартыг нэвтрүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан тэмдэглэлт үйл явдал боллоо. Энэхүү санаачилга нь Монголын уул уурхайн компаниудад дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн байгаль орчны болон нийгмийн хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх боломжийг олгоно. Түүнчлэн бид Монголд тогтвортой, уур амьсгалд ээлтэй хөдөө аж ахуйг дэмжих чухал алхам болох ЭККО-ФАРМ төслийг хэрэгжүүлж эхэллээ. Саяхан Энэтхэг-Номхон далайн худалдааны төлөөлөгч Пол Топпил Монголд айлчилсан нь хоёр орны худалдааны харилцааг бэхжүүлэх арга замуудыг судлах завшаан болсон юм.
Бид 2025 онд ардчилсан институциудыг бэхжүүлэх, хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, илүү ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний санаачилгуудыг урагш ахиулах зорилгоор Монгол улстай нягт хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэнд амжилтаар дүүрэн, амар тайван, аз жаргалтай шинэ оныг хүсье!
Happy New Year! Bonne Année! Шинэ жилийн мэнд хүргэе!
Үзсэн: 113
Tweet