ИБУИНХУ-ын Элчин сайд Фиона Блайтын Шинэ жилийн мэндчилгээ
Монгол, Их Британи хоёр орны харилцаа 60 гаруй жил өргөжин хөгжиж, эдүгээ Британи Улс нь Монгол Улсын худалдааны гол түнш, томоохон хөрөнгө оруулагч, гуравдагч хөрш болсон.
Шинэ жилийн баяр нь Англичуудын бүтэн жил хүсэн хүлээдэг, хамгийн том баярын нэг. Англичууд шинэ он ирснийг Big Ben цагны хонхны дуугаар зарладаг. Монгол-Их Британийн харилцаа хамтын ажиллагаа 2024 онд онцлох үйл явдлаар дүүрэн өрнөлөө. Монгол, Их Британийн дипломат харилцаа 60 гаруй жилийн түүхтэй. Өнгөрсөн жарны хугацаанд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, худалдаа, уул уурхай, соёл, боловсролын салбарт өргөжиж, эдүгээ Британи Улс нь Монгол Улсын худалдааны гол түнш, томоохон хөрөнгө оруулагчдын нэг, гуравдагч хөрш болсон. Их Британи нь өрнөдийн орнуудаас манай улстай дипломат харилцаа тогтоосон анхдагч улсын нэг бөгөөд Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг тууштай дэмжиж ирснийг бид байнга талархан дурсдаг. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлст тулгуурласан манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам бүр тэлсээр байгаа юм.
Ингээд та бүхэн ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтын мэндчилгээг хүлээн авна уу.
Сайн байцгаана уу, Монголчуудаа,
Их Британийн Элчин сайдын яамны нэрийн өмнөөс та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Британи-Монголын харилцаа улам бэхэжсэн ажил, амжилтаар дүүрэн жил болж өнгөрлөө. Дөрөвдүгээр сард Британийн Гадаад яамны сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг халуун дотноор хүлээн авч "Хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд’’ хүргэх замын зураглалд гарын үсэг зурсан. Тус айлчлалын үеэр Британи улсын зүгээс Монголын улсын сургуулиудын Англи хэлний сургалтыг дэмжихээ илэрхийлсэн.
Манай хоёр орны хувьд сонгууль, өөрчлөлтийн жил болж өнгөрлөө. 6 дугаар сард Монголын ард түмэн парламентын сонгуульд саналаа өгөх үйл явцын гэрч болох завшаан тохиосон. Улс орны удирдагчдаа сонгох нь ардчиллын үнэт зүйл юм. Их Британи-Монгол Улс нь ардчиллын түншүүд билээ. 7 дугаар сард Британийн ард түмэн саналаа өгч Хөдөлмөрийн нам ялалт байгуулан засгийн газраа бүрэлдүүлсэн. Британийн парламентын гишүүн, Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан сайд Катерин Уэст хилийн чанад дахь албан ёсны айлчлалаа Монгол Улсаас эхлүүлэн “Дэлхийн эмэгтэйчүүдийн форумд’’ оролцсон. Айлчлалынхаа үеэр тэрээр Британи Улсын зүгээс Англи хэлний сургалтыг дэмжихээ бататган Монгол багш нарыг ирэх оноос сургалтад хамруулах болсныг зарласан.
Мөн энэ жил бид жендерийн эрх тэгш байдал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө зэрэгт анхаарлаа хандуулан ажилласан бөгөөд бидэнтэй хамтран ажилласан түншүүддээ талархлаа илэрхийлье.
Энэ жил өөр олон аймгуудаар аялах завшаан надад тохиосон. Ийнхүү аялж явахдаа танай орны байгалийн гоо үзэсгэлэн, ард иргэдийн өгөөмөр зочломтгой занг хүндлэн биширч байлаа.
Маш завгүй, үр бүтээлтэй нэг жилийг үдэж байна. Миний бие ирэх онд Британи-Монголын харилцааг улам бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.
Улиран одож буй оноо аз жаргалтай үдэж шинэ оноо энх тунх, аз хиймориор дүүрэн угтах болтугай хэмээн Британийн Элчин сайдын яамны хамт олны өмнөөс хүсэн ерөөе.
Шинэ оны баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.
Үзсэн: 36
Tweet