2024 он Гадаад харилцааны салбарт оргил жил боллоо
ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дэд дарга нар Монгол Улсад айлчилж, АНУ-тай Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд Гадаад хэргийн сайд нар харилцан айлчиллаа
2024 онд Монгол Улсын өндөр дээд гадаад айлчлалын давтамж өмнө нь байгаагүй түвшинд хүрч, Гадаад харилцааны салбарт оргил жил боллоо. Тухайлбал, Ерөнхийлөгчийн түвшинд 15, УИХ-ын даргын түвшинд 3, Ерөнхий сайдын түвшинд 8, Гадаад харилцааны сайдын түвшинд 8 айлчлал хийжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дэд дарга нар Монгол Улсад айлчилж, АНУ-тай Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд Гадаад хэргийн сайд нар харилцан айлчиллаа. ХБНГУ, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч нарын Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгээр талууд Стратегийн түншлэлийн харилцаа, Вьетнам Улстай Иж бүрэн түншлэлийн харилцааг тус тус тогтоосон. Мөн Монгол Улсаас Узбекистан Улсад суух ЭСЯ-ны үйл ажиллагааг шинээр эхлүүлж, Индонез Улсад суух ЭСЯ-ны үйл ажиллагааг сэргээлээ. Энэ бүх үр дүнгээс үзвэл, хоёр хөршийн болон гуравдагч хөршийн харилцаа бэхжиж, айлчлалын тэнцвэрийг хангаж ажилласан байна Түүнчлэн Төв Ази болон Зүүн өмнөд Азийн орнуудтай харилцах харилцаанд Монгол Улс онцгой анхаарч, гадаад харилцааны шинэ чиглэлийг эхлүүлсэн буюу сэргээсэн жил боллоо хэмээн ГХЯ онцлов. Мөн манай улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Түүнчлэн манай улсын бүх төрлийн паспорттой иргэд 30 улсад, дипломат, албан паспорттой иргэд 65 улсад тус тус визгүй зорчиж буй. Энэ онд бүх төрлийн паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг Вьетнам, Мальдив, Парагвай улстай тус тус байгуулсан. Дэлхийн 90 гаруй улсад Монгол Улсын 210 мянган иргэн оршин сууж байна. Тиймээс ГХЯ-ны зүгээс хилийн чанадад суугаа 50 Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан гадаад улсад зорчиж буй болон оршин сууж буй иргэддээ мэдээлэл зөвлөмж түгээх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, эрх ашиг нь хөндөгдсөн тохиолдолд дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр ажиллаж байна.
Үзсэн: 1320
Tweet