Монгол Улсын энхийг сахиулагч нарын үүрэг гүйцэтгэж буй нөхцөл байдалтай танилцав

НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагааны удирдлагууд Монгол Улсын цэргийн багийн үүрэг гүйцэтгэл, мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэлж буйгаа онцолж байв
НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр, Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөх, бригадын генерал Г.Болор нар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад ажиллаж, НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Монгол Улсын энхийг сахиулагч нарын үүрэг гүйцэтгэж буй нөхцөл байдалтай танилцав. Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 20 гаруй жил, түүний дотор UNMISS ажиллагаанд тасралтгүй 14 жил оролцож байна. Сүүлийн жилүүдэд НҮБ-ын холбогдох шийдвэрийн хүрээнд эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоо, тоог бодитоор өсгөж буйг онцлон тэмдэглээд, НҮБ-аас хангадаг батальоны ажиллах, амьдрах байрны орчин нөхцөлийг сайжруулах, шинэчлэх боломжийг судалж үзэхийг хүсэв. Мөн бусад байрлалд чиг үүрэг гүйцэтгэж буй манай энхийг сахиулагчид, алба хаагчдын амьдрах орчныг сайжруулах, хамгаалалтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд үзүүлэх дэмжлэгийн талаар санал солилцлоо. НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагааны удирдлагууд Монгол Улсын цэргийн багийн үүрэг гүйцэтгэл, мэргэжлийн ур чадвар, бэлтгэгдсэн бөгөөд хариуцлагатай байдал, бие даан үүрэг гүйцэтгэж байгаа штабын болон ажиглагч офицеруудын үйл ажиллагааг өндрөөр үнэлж буйгаа онцолж байв.
Үзсэн: 2712
Tweet