Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-12-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол онцлогтой хоол Италийн Капри арлын зоогийн газрын цэсэнд орно


Densmaa 2024-12-16 05:12

Итали хоолны өдөрлөгийн хүрээнд Италийн Капри арлаас ахлах тогооч Паскуалэ Риналдотой ярилцлаа.

     2024 оны дэлхийн хамгийн шилдэг хоол, хүнсний бүтээгдэхүүнтэй улсаар Итали улс тодорсон байдаг. Ингэхдээ олон улсын хамгийн шилдэг хүнсний бүтээгдэхүүнд зэрэглэл тогтоон бүртгэсэн байна. Хамгийн сайн үнэлгээтэй хоол, хүнсний бүтээгдэхүүний дунджийг тооцон тус үнэлгээг гаргадаг юм. Пармезан, Мозарелла бяслаг, Пастаны эх орон учраас Итали улс нийт 5.0 онооноос 4.65 оноо авч дээрх жагсаалтыг тэргүүлжээ. Тиймдээ ч Итали хооллолт, хэв маяг нь ЮНЕСКО-гийн биет бус өвийн нэг хэсэгт тооцогдсон байдаг.

Манай улсад Италийн хоолны соёл, өдөрлөгийг зохион байгуулаад ес дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ жилийн Итали хоолны өдөрлөгийн хүрээнд "Газар дундын тэнгисийн хоолны дэглэм" сэдвээр уулзалт зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Итали хоолны долоо хоногийн санаачилгын хүрээнд зохион байгуулсан энэхүү хурлаар дамжуулан Итали хоолны онцлогийг монголчуудад таниулах, сурталчлах зорилготой юм. Уг уулзалт, хэлэлцүүлэгт Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх Т.Мөнхтөр тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо. 

    Энэ үеэр Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета ярихдаа, “Итали хоол нь баялаг, олон зүйлийг агуулдгаас гадна хүний эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой, мөн байгаль орчинд нөлөөтэй гэж үздэг. Манай улс Монголын ард түмэнтэй хоол зүйн чиглэлээр мэдээлэл өгч, туршлага солилцоход баяртай байх болно” гэсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр Монгол-Итали хоёр орны хоолны онцлог, соёл нь өөр боловч хоол зүйгээр дамжуулан хүн амын эрүүл мэндэд анхаарах ёстойг ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх Т.Мөнхтөр онцоллоо. Энэ хэлэлцүүлгийн үр дүнд монголчууд махны хэрэглээгээ багасгаж, ногоо орсон хоол бүтээгдэхүүн илүүтэй хэрэглэж, эрүүл хооллолтыг хөхиүлэн дэмжихэд анхаарах ёстойг хөндөж байлаа.

        Итали хоолны өдөрлөгийн хүрээнд Италийн Капри арлаас ахлах тогооч Паскуалэ Риналдо Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж Итали хоолын соёл, уламжлалыг монголчуудад танилцуулж, мастер класс үзүүлбэр зохион байгуулсан юм. Энэ үеэр бид ахлах тогооч Паскуалэ Риналдотой уулзаж ярилцлаа.

Асуулт: Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу?

Паскуалэ Риналдо: Намайг Паскуалэ Риналдо гэдэг. Италийн Капри арлын нэгэн ресторанд ахлах тогоочоор ажилладаг. Түүнчлэн RAI үндэсний телевизийн Итали хоол танилцуудаг шоунд хамтран ажилладаг.  Мөн Пан Скуале гэдэг өөрийн брэндтэй. Брэндээ Пан Скуале гэж нэрлэсэн учир нь нэгдүгээрт миний нэрний Па орсон. Түүнчлэн  Панеттоне гэж үндэсний уламжлалт бялуу байдаг. Бид ихэнхдээ Зул сарын баяраар энэхүү бялууг иддэг заншилтай.  Манай брэнд энэхүү бялууг маш өвөрмөц аргаар хийдэг юм.

Асуулт: Та хоол урлалын салбартай холбогдсон түүхээсээ ярьж өгнө үү. Яагаад тогооч мэргэжлийг сонгох болсон бэ?

Паскуалэ Риналдо:  Одоогоос 12 жилийн өмнө анх тогооч болох замналаа эхлүүлсэн.  Анх зүгээр л зугаатай санагдаад хоол хийдэг болсон. Яваандаа хоол хийх хүсэлдээ улам бүр татагдсаар одоогийн тогооч болтлоо явж, өнөөдөр алс холын Монгол улсад хүрэлцэн ирж Итали хоолоо монголчуудад танилцуулах арга хэмжээнд оролцож байгаа нь гайхалтай юм.

Асуулт: Тогооч бүр өөрийн гэсэн гэр бүлийн жортой байдаг гэж сонссон. Танд гэр бүлийн онцгой жор байдаг уу?

Паскуалэ Риналдо:  Тиймээ, таны хэлдэг үнэн. Гэр бүл гэдэг хамгаас чухал зүйл. Ялангуяа хоолны тухайд энэ нь маш онцгой.  Мэдээжийн хэрэг гэр бүлийн уламжлалт хоолны жор нь цаг үеэ дагаж хувьсан өөрчлөгдөж байдаг боловч хүүхэд байхдаа гэрээ иддэг байсан хоолны жорны үндэс суурь нь хойч үедээ уламжлагдсаар байдаг.

Асуулт: Таныг Монголд ирэхэд юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

Паскуалэ Риналдо:  Миний хувьд аялах сонирхол үргэлж байсаар ирсэн. Гэхдээ Азийн орнуудаас анх удаа Монголд ирсэндээ маш баяртай байна. Монголыг сонгож ирсэн шалтгаан гэвэл Монгол бол аялагчдын хувьд төдийлөн их аялаад орон биш боловч маш сонирхолтой улс гэдгийг мэдэж байсан тул Монголд зочлохоор шийдсэн юм. Монголд ирээд Италийн хоолны онцлогийг танилцуулах зорилгоор Итали хоол сонирхогч үзэгчдэд зориулсан мастер класс үзүүлбэр зохион байгуулсан. Энэ үеэрээ гоймон, пицца зэргийг Итали маягаар хийж үзүүлснээс гадна монголчуудын гол хоол болох махыг өвөрмөц технологи ашиглан хоолондоо хэрхэн хэрэглэх талаар үзүүлж сонирхуулсан. Ингэхдээ Монгол махыг ашиглан Итали технологиор Итали үндэсний хоол хийснээрээ онцлог болсон гэж бодож байна.

Асуулт:  Монгол болон Итали хоолны төстэй болон ялгаатай тал нь юу байв? Монгол хоолноос санаа авч ямар нэгэн онцгой хоол хийх санаа танд төрсөн үү?

Паскуалэ Риналдо:  Гол ялгаа гэвэл ногооны орц байна. Итали хоолны гол орц нь ногоо байдаг. Хүнсний ногоо бол эрүүл хоолны үндэс юм.  Итали хоолны гол ялгаа гэвэл маш энгийн орцыг ашиглан хоол хийдэгт оршдог. Мөн Итали улс хөдөө аж ахуйн орон, тэр ч утгаараа хоолны олон төрлийн орц манай оронд элбэг байдаг. Энэ нь нэг талаараа Итали хоолны нууц гэж хэлж болно. Түүнчлэн би очсон газар бүрийнхээ хоолны соёлыг гүнзгий судлахыг хичээдэг. Тиймдээ ч одоо өөрийн амьдардаг Капри арлынхаа рестораны дараагийн улирлын цэсэнд ямар нэгэн Монгол хэв маяг, онцлогийг харуулсан хоол оруулна гэж бодож байна.

Асуулт: Танд хийх дуртай эсвэл идэх дуртай ямар хоол байдаг вэ?

Паскуалэ Риналдо:  Миний хувьд хийх эсвэл идэх дуртай тухайлсан нэг онцгой хоол гэж байхгүй. Өөрийхөө хийсэн бүх хоолонд  би дуртай.

Асуулт: Олон орны хоол хийх тал дээр Монголын тогооч нарт хандан ямар зөвлөгөө өгмөөр байна вэ?

Паскуалэ Риналдо:  Монголын тогооч нарыг манай Италид очиж 3-6 сараар Итали хоолны технологиос суралцахыг урьж байна. Жинхэнэ Итали гал тогооны технологийг газар дээр нь очиж сурч мэднэ шүү дээ. Мөн нэг орцыг голлон онцлохгүй, олон төрлийн орцыг хоол хийхээ анхааран оролуулах нь зүйтэй гэж хэлмээр байна.

Асуулт: Хоолоор дамжуулан хоёр орны соёлыг танилцуулах өнөөдрийн арга хэмжээний талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

Паскуалэ Риналдо:  Өнөөдөр Итали хоолны тогоочийн хувьд үндэсний хоолоо танилцуулж, сурталчилж, хэвлэл мэдээллээр ярилцлага өгч байгаа маань манай хоёр орны соёлын харилцаанд өөрийн хувь нэмрээ оруулах завшаан гэж бодож байна.  

Асуулт: Цаашид Монголчуудтай хоолны салбарт хамтран ажиллах эсвэл Монгол хоолны ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөө байгаа юу?

Паскуалэ Риналдо:  Тиймээ, тийм хүсэл байгаа. Хэрэв боломж гарвал ирэх жил Монголд дахин ирж 2-3 арга хэмжээ зохион байгуулах бодол байна.

Асуулт: Та Монголд анх удаа ирсэн тул Монголын талаарх сэтгэгдлээсээ хуваалцана уу?

Паскуалэ Риналдо:  Монгол үнэхээр хүйтэн уур амьсгалтай орон юм байна. Гэхдээ хүмүүс нь их найрсаг, энд байхад үнэхээр халуун дотно, тухтай сайхан мэдрэмж төрлөө. Та бүхэнтэй ярилцсандаа маш баяртай байна.

Баярлалаа.  

     Монгол Улс болон Итали Улс 1970 оны 6 дугаар сарын 29-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд ирэх 2025 онд манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиох юм. Манай хоёр орны улс төр, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаагийн дотор Итали хоолны соёл ч жинтэй хувийг эзэлж байна.

Үзсэн: 811

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна