Монголд Бурханы шашныг сэргээн дэлгэрүүлэхэд оюун санааны хөрш Энэтхэгийн үзүүлж буй нөлөө
Энэтхэг улс орчин цагийн Монгол улсад Буддын шашныг дэлгэрүүлэхэд зарим тодорхой үүрэг гүйцэтгэсээр иржээ.
Монгол улсад Буддизмыг мянганаар тоологдох он жилийн тэртээгээс түгээн дэлгэрүүлэх, сэргээхэд Энэтхэг улсын оруулсан хувь нэмэр түүхэн үүрэгтэй байсаар буй юм.
Энэхүү соёл, оюун санаа, гэгээрэхүйн хүйн холбоо хоёр орны дипломат, соёл болон түүхэн хэлхээ холбоог гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулсаар байна.
Монгол дахь Буддын шашны түүхэн нөхцөл байдал
Буддын шашин Монголд эртний худалдааны замаар, ялангуяа Төв Азийг Энэтхэг, Хятадтай холбосон Торгоны замаар нэвтэрчээ. МЭ-ий III-IV зууны үед Энэтхэг лам нар Торгоны замаар Буддын сургаал, судруудаас авчирсан хэмээн үздэг. Тухайн үеийн Монголчууд Их хөлгөний сургаалтай Уйгураар дамжин анх танилцсан бололтой. Харин 16-р зуунд Алтан хааны үед Түвдийн буддизм, тэр дундаа Гэлүгба урсгал Монголд бат бэх суурьшсан болов уу.
Эхэн үеийн шашин ном орж ирэх үест Энэтхэг лам, эрдэмтэн мэргэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэтхэгийн Буддын шашны судруудаас Төвд, Монгол хэлээр орчуулсан нь Монгол дахь Буддын судлалын үндэс болжээ. Энэ үеэс Энэтхэгийн Буддын соёл Төвдийн Буддизмын хамт Монголын шашны зан үйл, уран сайхны илэрхийллийг төлөвшүүлэхэд зарим хувь нэмэр оруулжээ.
Орчин цагийн Монгол Улс дахь Буддизмын сэргэлт
Монгол дахь Буддын шашин 20-р зуунд коммунист дэглэмийн үед, ялангуяа 1930-аад оны Сталины дэглэмийн үед олон сүм хийд сүйдэж, лам хуврагууд хавчигдаж, шашны үйл ажиллагаа эрс хязгаарлагдаж байсан үед ихээхэн дарагдаж байсан. Гэвч 1990-ээд оны эхээр ЗХУ задарч, Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээр Буддизм эргэн Монгол Улсын гол илэрхийлэл, соёлын чухал хэсэг болон дахин сэргэв. Энэтхэг улс дипломат хүчин чармайлт, соёлын солилцоо, Буддын шашны тэтгэлгээр дамжуулан энэхүү сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ.
Дипломат болон соёлын дэмжлэг
Монголын Буддын шашны өв соёлоо сэргээн босгох хүчин чармайлтыг Энэтхэгийн засгийн газар идэвхтэй дэмжсээр ирсэн. Тухайлбал, Буддын соёлын төвүүд байгуулах болон Буддын шашны байгууллагуудад зарим дэмжлэг үзүүлж иржээ. Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 онд Энэтхэгт хийсэн айлчлал, мөн онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Монголд хийсэн айлчлалаар Монгол Улсад соёл, шашны дэмжлэг үзүүлэх амлалтаа БНЭУ-ын зүгээс бататгасан юм.
Ийнхүү, Монгол улсын Буддын шашны төв болсон нийслэл Улаанбаатар хот дахь Гандантэгчинлэн хийдийг сэргээн босгоход БНЭУ-ын зүгээс туслалцаа дэмжлэг үзүүлсэн билээ. Монголын Буддистууд өв соёлоо хадгалан хамгаалах, сурталчлах сан хөмрөг, шашны ном судар, тэр ч байтугай техникийн туслалцаа үзүүлэхэд Энэтхэг улс тодорхой үүрэг гүйцэтгэсээр иржээ. Эдгээр туслалцаа нь хоёр орны дипломат харилцааг бэхжүүлж, Буддизмаас улбаатай соёлын хамтын нөхөрлөлийг бататгасаар байна.
Буддын шашны боловсролын тэтгэлэг
Буддын шашинд суралцах хүсэлтэй Монгол Улсын лам хуврага болон оюутнуудад Энэтхэг улс дэмжлэг үзүүлсээр байна. Буддист судлалын төв хүрээлэн, “Наланда” их сургууль зэрэг Энэтхэгийн боловсролын байгууллагууд Монгол оюутнуудыг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрүүддээ хамруулж, Буддын шашны эх судруудыг судлах, Буддын гүн ухааны талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх боломжийг олгосоор байна. Эдгээр санаачилгууд нь Монголын Буддын шашинтнуудын шинэ үеийг бий болгож, Монгол, Энэтхэгийн сүм хийдүүдийн холбоог бэхжүүлсээр байна.
Соёлын солилцоо
Монгол, Энэтхэгийн Буддын шашны эрдэмтэн, уран бүтээлчид, оюун санааны манлайлагчдын солилцоог Энэтхэг улс дэмжиж, Буддын шашныг соёлын хамтын өв болгосоор иржээ. Эдгээр соёлын солилцоо Монголын Буддистуудад Энэтхэгийн Буддын шашны зан үйл, судар номтой танилцах боломжийг олгож, Буддын шашны Энэтхэг дэх үндэс, үүслийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, Энэтхэгийн соёлтой танилцах боломжуудыг олгосоор байна.
Энэтхэг, Балба төдийгүй Бурхан Багш Буддатай холбоотой бүх улс орныг холбосон Буддын шашны нийгэмлэгийн ОУ-ын хурал зөвлөгөөнийг Энэтхэг улс 2024 оны 10-р сард Шинэ Дели хотноо амжилттай зохион байгууллаа. Цаашид энэ чиглэлд Кушинагарт олон улсын нисэх онгоцны буудал хөгжүүлэх, Лүмбини, Бодгаяа, Капилвасту болон Санчи зэрэг хотууддаа Энэтхэг улс олон улсын Буддын соёл, өвийн төвийг барьж байгуулж буй ажээ.
Түүнчлэн, Азийн болон бусад орны Буддын шашны тэргүүнүүд оролцсон “Азийн Буддын шашны Анхдугаар дээд хэмжээний уулзалт”-ыг 2024 оны 11-р сард Шинэ Дели хотноо Энэтхэг улс зохион байгуулжээ. Энэхүү дээд хэмжээний уулзалтаар Буддын шашны тэргүүнүүд болон эрдэмтэн мэргэд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын хэмжээнд харилцаа холбоогоо бэхжүүлэх боломж бололцоог нээж өгчээ.
Монголд Буддын шашныг дэлгэрүүлэхэд Энэтхэгийн гүйцэтгэсэн үүрэг олон талт бөгөөд түүх, дипломат, боловсрол, соёлын зэрэн олон салбарыг хамарчээ.
Буддын шашны байгууллагуудыг дэмжих, Монгол оюутнуудад зориулсан тэтгэлэг, соёлын солилцоо зэргээр дамжуулан Монгол дахь Буддын шашныг сэргээхэд Энэтхэг улс туслалцаа үзүүлж, хоёр улсын мянганаар тоологдох он жилүүдийн оюун санаа, соёл, гэгээрэхүйн хамтын өвийг үргэлжлүүлэн хөгжүүлсээр байна.
Энэхүү "оюун санаа, гэгээрэхүйн хөрш"-ийн холбоо нь хоёр улсын хооронд соёлын гүүр болж, дипломат харилцаагаа бэхжүүлж, энх тайван, эв нэгдлийн сургаал номлол үзэл баримтлалыг бусад улс орнуудын хамтаар нийт хүн төрөлхтөн, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Үзсэн: 28
Tweet