“Монгол судлалын шинэ үе-2024” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Турк, Чех зэрэг 10-аад орны 140 орчим монгол судлаачид оролцож судалгааны илтгэлээ хэлэлцүүллээ.
Монгол үндэстний уламжлалт хэл, соёл, түүх, зан заншил, шашин мөргөл тэргүүтнийг шинжлэх ухааны арга зүйгээр судалдаг нийгэм-хүмүүнлэгийн ухааны цогц нэгдлийг Монгол судлал гэж нэрлэдэг. Монгол судлалыг хөгжүүлэхдээ монгол хэл, соёл, түүх, угсаатан судлалыг гол үндэс болгохын зэрэгцээ олон шинжлэх ухааны цогц болсон, хавсарга шинжтэй мэдлэг ухааны олон салбарыг зохих хэмжээгээр харгалзан үзэж болно. Монгол судлал нь монгол үндэстний хэл, соёлын дархлааг хадгалан бататгах, бусад улс үндэстнүүдэд сурталчлан таниулахад чухал үүрэгтэй бөгөөд энэ бүхнээр дамжин Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэгэн гол тулгуур болдог байна. Монгол судлалыг хөгжүүлэх үүднээс Монгол улсын боловсролын их сургууль олон улсын эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаад “Монгол судлалын шинэ үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг хийж, залуу эрдэмтдийн судалгаа шинжилгээний ололт амжилт, ахиц дэвшил, шинэ соргог мэдээ мэдээллийг хэлэлцлээ. Тус хурлын зорилго нь Монгол хэл, соёл түүх утга зохиолын чиглэлээр онол практикийн ач холбогдол бүхий шинэ судалгааны бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, нийтэд түгээн дэлгэрүүлэх, залуу судлаачидтай хамтран ажиллах, бүтээн туурвих, тэдний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд оршиж байна. Одоо үргэлжлүүлэн МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Д.Ганболдын яриаг хүргэе.
Д.Ганболд: Монгол улсын боловсролын их сургууль нь дэлхийн монгол судлалын тулгын гурван чулууны нэг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн том сургууль юм. Манай сургууль Монгол судлалын шинэ эрин гээд монгол судлаач эрдэмтдийн олон улсын хурлыг хоёр жилд нэг удаа хийдэг. Түүнийгээ хийхгүй өнжиж байгаа жил нь залуучуудын хурал хийж байя гэсэн саналыг МУБИС-ийн удирдлага болон бүрэлдэхүүн сургуулийн удирдлагууд гаргасан. Ингээд Монгол судлалын хүрээлэн анхных нь хурлыг зохион байгуулж байна. Залуу эрдэмтэд өөрийхөө үгийг хэлэх, энэ хүртэл олсон эрдмийнхээ олзийг бусаддаа сонсгоно, хуваалцана, бусдаасаа суралцана гэдэг бол сайхан завшаан гэж бодож байна. Нийт оролцогчдын гуравны нэг нь магистрантууд, гуравны хоёр нь докторантууд байна. Өнөөдрийн магистрантууд бол маргаашийн доктарантууд, өнөөдрийн докторантууд бол маргаашийн Монгол судлалын эрдэмтэд. Энэ үүднээс нь авч үзвэл залуучууд маань эрч хүч дүүрэн, сэтгэл өндөр, өөр өөрийн гэсэн эрдмийн ганзага богцтой, өөр өөрийн гэсэн санаа үнлэлт дүгнэлт, баримттай ирж байна. Манайх энэ хурлыг хоёр жилд нэг удаа хийхээр төлөвлөж байгаа. Магадгүй гурав дахь, дөрөв дэх хурлаас өнөөдөр энд илтгэл тавьж байгаа залуу эрдэмтдийн шавь нар ирээд илтгэл тавихыг үгүйсгэхгүй, тэгэх байх гэж найдаж байна.
“Монгол судлалын шинэ үе-2024” эрдэм шинжилгээний бага хуралд хэл судлал, утга зохиол, сэтгүүл зүй, түүх соёл, археологи, антропологи, нийгэм, улс төр, эрх зүйн чиглэлээр магистр болон докторын түвшинд суралцаж буй залуу судлаачдад оролцох боломжийг олгожээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Турк, Чех зэрэг 10-аад орны 140 орчим монгол судлаачид оролцож судалгааны илтгэлээ хэлэлцүүллээ. Сүүлийн үед залуу эрдэмтэд голчлон эх бичвэр, баримтад тулгуурлан судалгаа хийдэг болсон нь сайшаалтай гэж МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Д.Ганболд хэллээ.
Д.Ганболд: Монгол судлалын шинэ үе 2024 сэдэвт хуралд оролцож байгаа бүх хүмүүсийнхээ илтгэлийн хураангуйг нэгтгээд ном болгож хэвлүүлсэн. Тэр номыг эмхэтгэж хэвлүүлсэн хүний хувьд хоёр зүйлийг онцлон хэлье. Нэгдүгээрт залуучуудын хэлний мэдлэг их сайн болж дэлхийн түвшинд хүрч байгаа юм байна. Мөн орчин цагийн судалгааны арга зүйг сайн эзэмшсэн нь аль салбарт мэдэгдэж байна. Хоёрдугаарт бичвэр баримтын судалгаанд их анхаарал хандуулдаг болжээ. Зохиол бичиж байгаа юм шиг эрдэм судлал хийхээ больсон байна. Энэ юунаас харагдаж байна вэ гэхээр нийт илтгэлийн гуравны нэг хувь нь цэвэр эх бичвэрийн судалгаа байгаа юм. Энэ бол эрдэм шинжилгээ судалгааны ажил улам чанаржаад, маргах аргагүй баримттай нотолгоотой хөдөлгөөнгүй болж байна гэсэн үг. Тухайлбал, Өвөр монголын багшийн их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн профессор Эрдэнэцуглааны зургаан шавь ирээд зургуулаа эх бичвэрийн судалгааны илтгэл танилцуулж байна. Нэг багшийн бүлэг шавь ирээд үр дүнгээ танилцуулна гэдэг бол их сайхан зүйл. Өвөр монголын багшийн их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн профессор Эрдэнэцуглаа бол өөрөө яг эх бичвэрийн судалгаа хийдэг. Монгол судлалын шинэ үе эрдэм шинжилгээний хурлын бас нэг онцлох зүйл нь өнөө цагт дэлхийн монгол судлалд ачааны хүндийг үүрч яваа дунд үеийн нэр хүндтэй эрдэмтдийн шавь нар ирээд оролцож байна. Утга зохиол, түүх угсаатан, хэл шинжлэл, археологи гээд бүхий л салбарт манлай эрдэмтдийн шавь нар оролцож байна.
Монгол улсын багшийн их сургуулийн бүрэлдэхүүнд Монгол судлалын бие даасан сургууль байсан бөгөөд 2014 онд татан буугдаж Монгол судлалын төв болон өөрчлөгджээ. Улмаар 2023 оноос Монгол судлалын хүрээлэн болгон өргөжүүлэн, үйл ажиллагааг нь явуулж байна.
“Монгол судлалын шинэ үе-2024” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд Монгол хэл судлал, харьцуулсан хэл шинжлэлийн, Утга зохиол, сэтгүүл зүй, соёлын, Түүх соёл, археологи, антропологийн зэрэг салбар хуралдаанууд боллоо. Үүний Монгол хэл судлал, харьцуулсан хэл шинжлэл салбар хуралдаанд олон сонирхолтой илтгэл тавигдсаны нэг нь “ӨМӨЗО-ны Цахар баруун гарын хойд хошууны монголчуудын таван хошуу малын тоног хэрэгслийг нэрлэсэн үг хэллэгийн хэрэглээний тухай” сэдэвт илтгэл байлаа. Тус судалгааны өгүүлэлд ӨМӨЗО-ны Цахар Баруун Гарын Хойд хошууны Цагаан булан гацааны Долоон худаг сум, Нарангэрэл, Баян цагаан гацаа зэрэг газар орныг сонгож, тэнд амьдардаг монголчуудаас таван хошуу малын тоног хэрэгслийн холбогдолтой үгсийг мэдэж, хэрэглэж байгаа байдлыг тодруулжээ. Судалгаанд хамрагдсан газар орон бол БНХАУ-н Засаг захиргааны эрхлэх аж ахуйн дагуух хуваарилалтад тулгуурлан ангилсан “хагас тариалан, хагас малжих” бүст багтдагаараа онцлогтой. Мөн тухайн нутаг орны хүмүүс монгол, хятад хэлээр удаан хугацааны турш хоорондоо харилцаж ирснээр эл нутгийнхны монгол хэлний үгийн сангийн системд ихээхэн өөрчлөлт орж, улмаар монгол, хятад хэлний онцлогийг агуулсан өвөрмөц ярианы талбар буй болжээ. Бид Өвөр монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн докторант Э.Алтаншагайтай уулзаж судалгааны ажлынх нь талаар асууж сонирхсон юм.
Э.Алтаншагай: “ӨМӨЗО-ны Цахар баруун гарын хойд хошууны бүс нутагт амьдарч буй малчид мал аж ахуйн гол үйлдвэрлэлээсээ салаад 30, 40 жил орчим болж байна. Тухайн бүс нутгийн иргэд малын аж ахуйн үндсэн тоног хэрэгсэл болох хазаар, ногт, эмээл, чөдөр зэргийг маш сайн нэрлэж чадаж байгаа нь судалгаагаар гарсан. Харин эдгээр тоног хэрэгслийн нарийн бүтэц, хийцийг нэрлэж чадахгүй мартсан байдалтай байсан. Хараад эмээл гэж нэрлэж байгаа боловч бусад нарийн гоёл, чимэг хэрэгсэлүүдийн нэрийг мартсан байна гэсэн хариулт судалгааны явцад их авсан. Бид судалгааны хүрээнд 40-өөд өрхийн 26-91 настай хүмүүстэй уулзаж асуулга авсан. Ингэхэд насны ялгаатай байдлууд ажиглагдсан. 91 настай хүмүүсийг 70-гаруй настай хүмүүстэй харьцуулахад малын тоног хэрэгслийн нэрийг бага зэрэг мартсан байдалтай. Харин 50-иад насны хүмүүс бол сайн мэдэж байгаа боловч төдийлөн хэрэглэхгүй байгаа гэсэн дүгнэлт гарсан. Тухайн бүс нутагтаа удаан жил амьдарч байгаа ч гэсэн эрхэлж буй мал аж ахуй нь өөрчлөгджээ. Зарим нь хонь, зарим нь адуу хариулдаг болсон байна. Энэ үүднээсээ малын тоног хэрэгсэлийн нэршил мэдэж байгаа байдал болон хэрэглэж байгаа байдал нь ялгаатай байх жишээний. Адуу малладаг айлууд гэхэд гэртээ эмээлээ иж бүрэн тоног хэрэгсэлтэй нь тавьчихсан байгаа зүйлүүд ажиглагдсан.
“Монгол судлалын шинэ үе-2024” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлсэн дараагийн илтгэл бол “Нишан саман орчуулгын зарим асуудал” сэдэвт илтгэл юм. Тус илтгэл нь манж, монгол, турк гэсэн гурван хэлний өгүүлбэр зүйн судалгааны харьцуулалт дээр тулгуурлан хийгдсэн гэдгийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн докторант, Туркийн монгол судлаач Мехмет Левент Каяа хэллээ.
Мехмет Левент Каяа: Одоогоор хамгийн түгээмэл байгаа онол бол Алтай хэмээн өнөөдөр нэрлэсэн хэлнүүдийг нэг гаралтай биш гэсэн онол байдаг. Бидний судалгаа яг эсрэгээр нь дүгнэлт гаргадаг. Манж, монгол, түрэг язгуурын хэлнүүд маш дундын нийтлэг шинжтэй. Төстэй гэснээсээ дундын шинжтэй гэсэн дээр гэж бодож байна. Одоогоор манж хэлийг техникийн хувьд мөхсөн хэл гэж үздэг. Манж судлал арай сонирхолтой, түүнийг сонирхдог хүмүүс дэлхий даяар байдаг. Гэхдээ би өөрийн судалгааны ажлынхаа дүгнэлтээр монгол хэл мэдэхгүй бол манж хэлний судалгаа дутмаг болох талтай гэж хэлнэ. Тиймдээ ч миний өнөөдрийн илтгэлийн агуулга энэ санааг илэрхийлж байгаа юм. Яагаад гэвэл нэгдүгээр эх сурвалжаас манж хэлийг суралцах боломж одоогоор байхгүй. Манж хэл хэрэглэдэг гэвэл Шинжан, Казакстаны хил дээр оршдог хорин хэдэн мянган хүн амтай жижиг тосгон л байна. Энэхүү тосгоныхон дэлхий ертөнцтэй төдийлөн идэвхтэй харьцаа биш, тусгаарлагдмал байдалтай. Миний хувьд дээр үед тэр тосгонд очиж сурах завшаан олдож, хэл сурсан юм. Тийм ч учраас би бичгийн хэлнээс гадна ярианы хэл сурч чадсан. Магадгүй бага сургуулийн хүүхдийн түвшинд манж хэлээр ярьж чадна. Одоо харин тэнд очиход тун бэрх болсон. Харин хэн нэгэн манж хэлний талаар судалгаа явуулмаар байвал одоогийн байдлаар Улаанбаатар хот дэлхийн хамгийн зохимжтой газар юм. Нөгөө нэг арга нь хятад хэл мэддэг байх явдал юм. Харин Хятадад манж хэлний талаар судалгаа явуулахад Монгол шиг амархан биш байдаг.
МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэлний тэнхимийн докторант М.Гэрэлсүрэнгийн хувьд Данзандагвын “Огторгуйн маани”-ийн бар судрууд дахь цагаан толгойн бүрдэл, байрын тухайд” сэдвээр илтгэл тавилаа. “Огторгуйн маани” нь 18-р зууны үед зохиогдож, эдүгээ үед уламжилж ирсэн монголын хамгийн эртний, иж бүрэн хэл зүйн бичиг юм. Тийм ч учраас дараа үеийнхээ хэл зүйн бичгүүдэд шууд болоод дам уламжилсан байдгаараа онцлогтой. “Огторгуйн маани”-ийн агуулгыг тал бүрээс нь гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид судалж эрдэм шинжилгээний өгүүлэл, ганц сэдэвт бүтээл бичиж хэвлүүлсэн байдаг. Хэдий тийм боловч “Огторгуйн маани”-ийн бараар уламжилж ирсэн төрөл бүрийн бичвэр дэх цагаан толгойн бүрдэл, байрыг харьцуулж тусгайлан судалсан судалгаа байдаггүй гэдгийг МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэлний тэнхимийн докторант М.Гэрэлсүрэн ярилаа.
М.Гэрэлсүрэн: Миний хувьд Огторгуйн маанийн бар судруудыг 8 төрөлд ангилаад түүнд байгаа үсэг зүйн онцлог зэргийг харьцуулан судалсан үр дүнгээ хэлэлцүүлсэн. Огторгуйн маани гэхээр монгол судлаач хүн бүр мэддэг. Гэхдээ үүний хамгийн гол зорилго бол хрьцуулаад судлаад үзвэл Огторгуйн маань нь монгол бичгээр бард хэвлэгдсэнээс гадна цагаан тоглойд нь Төвд гэрч хадах зэргээр дэлгэрсэн байна. Үүний үр дүнд Огторгуйн маанийн ха, га үсэг бол д, т үсэг дээр үсгийн махбодийг нь хольж сольж хэрэглэсэн тохиолдол байна гэдгийг жишээ баримтаар дэлгэрүүлж ярьж танилцуулсан. Би нийтдээ Огторгуйн маанийн Бээжин модон бар, Буриад модон бар, Мугдэний модон бар, Мэргэн хийдийн модон бар, Улаанбаатарын хорголжин бар, Өвөр Монголын хорголжин бар гэх зэрэг 21 эх бичвэрийг харьцуулж судласан. Энэ 21 бичвэр нь үндсэндээ 7 төрөл. Гэхдээ эхэнд орж байгаа судар нь нэг нь Төвд гэрчтэй, нөгөө нь дан Монгол үсгээр байсан гэдгээр нь нийтдээ 8 ангилж үсэг зүйн талаас нь судалсан. Огторгуйн маань гэхээр хүмүүс ихэнхдээ аль нэг эхийг дагнан ашигладаг. Харин миний хувьд Огторгуйн манийн 8 барын төрөл зүйлийг нэг дор харьцуулан үзэж, үсгийнх нь ялгаа зөрүүг тодруулж авч үзсэнээрээ онцлогтой юм.
Монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал нь залуу эрдэмтдэд нэг дор уулзаж, ярилцах боломжийг олгодог. Мөн нэг салбар чиглэлд судалгаа хийж буй бусад эрдэмтдийн судалгааны ажлаас гарц гаргалгаа, шинэ санаа, эх сурвалжийн мэдээлэл зэргийг олж авдгаараа давуу талтай болохыг МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэлний тэнхимийн докторант М.Гэрэлсүрэн онцлон хэллээ.
М.Гэрэлсүрэн: Ахисан түвшний суралцагчид буюу магистрант, докторантуудад зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа өргөн цар хүрээнд хийж байгаагаа онцлогтой. Салбар хуралдаанууд нь таван сэдвээр явагдаж байна. Үүн дотроо уламжлалт монгол хэл шинжлэлийн түүх, орчин үед хүчээ авч байгаа танин мэдэхүйн хэл шинжлэлийн илтгэлүүд давамгай байна. Мөн хоёр хэлийг зэрэгцүүлсэн болоод харьцуулсан, хэл соёлын талаас нь харьцуулсан судалгааны илтгэлүүд байна. Хамгийн гол нь 10 орчим улсын ахисан түвшний суралцагчид өөрсдийн хийж буй судалгааны үр дүнгээ танилцуулж байгаа нь илүү өгөөжтэй юм. Энэ эрдэм шинжилгээний хуралд оролцсоноор өөрийнх нь судалгааны ажил гацсан тохиолдолд бусдаас шинэ санаа, урам зориг авах, өөр судалгааны арга зүйг олж харах ач холбогдолтой. Миний хувьд өнөөдөр олон сонирхолтой илтгэл сонслоо. Энэ дундаас Өвөр монголын докторант Үндэсийн тавьсан “Хүмүүсийн амьдралд цайны соёлын үзүүлж буй нөлөө” сэдэвт илтгэл их сонирхолтой байлаа. Мэдээж хэрэг судлаачдаас шинэ шинэлэг санаа сонсож байна. Мөн судалгааны ажлаа ахиулахад арга зүйн талаасаа шинэ сэдэл олж авч чадлаа.
Монгол судлалыг хөгжүүлэх үндэс суурь нь Монгол, Хятад, Перс, Арабын дундад зууны гар бичмэл, зохиолууд болон европчуудын Төв Азид XIII зуунд хийсэн аяллын тэмдэглэлүүд байдаг. Монголын талаарх анхны ул суурьтай судалгаанууд XIX зууны эхний хагаст Швед улсад эхэлсэн. Армен гаралтай швед дипломатч Абрахам Константин Д'Оссон алдарт Рашид ад-Дин, Жувейни нарын туурвилаас орчуулж, монгол судлалыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулжээ. XIX зуун буюу 1800-гаад оны эхэн үеэс монголчуудын түүх, монгол орныг судлах ажил нэлээдгүй эрчимжиж эхэлсэн. Энэ түүхэн үед Оросын эзэн хааны дэмжлэгтэйгээр Казанийн шашны сургууль байгуулагдсан бөгөөд түүн дотор дорно дахиныг судлах судалгааны чиглэлийн үүсэл тавигджээ. Үүнийг нэг жишээ нь Казаньд 1818 онд “Азийн музей” гэж байгуулагдсан. Тус музей нь Азийн улс орнуудын түүх, соёл, шашин шүтлэгийг судлах гол зорилготой байсан бөгөөд дорно дахины орнуудаас цуглуулсан 2500 ном, гар бичмэл, 20 гаруй мянган зоос бүхий сан хөмрөгтэй байжээ. 1959 онд Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм. Тус хуралд Англи, АНУ, Канад, Энэтхэг, Япон, БНАГУ, БНАСАУ, ЗХУ, БНХАУ, БНМАУ зэрэг 15 орны 40 гаруй эрдэмтэн оролцож, монгол хэл, утга зохиолын сэдвээр нийтдээ 34 илтгэл хэлэлцүүлсэн байдаг. Энэ хурал бол “Олон Улсын Монгол Судлалын Холбоо” байгуулагдахын угтал эхлэл болсон гэж үздэг байна. “Монголч эрдэмтдийн их хурал” нэртэйгээр 1972 онд хоёр дахь хурлыг зохион байгуулжээ. Тус хурлын үеэр “Монголч эрдэмтдийн байнгын хороо”-г анх үүсгэн байгуулж таван жил тутамд зохион байгуулагдах хурлын бэлтгэл ажлыг хангах үүрэг оноосон байна. 1987 онд Олон Улсын Монгол Судлалын Холбоо (ОУМСХ) гэх албан ёсны төрийн бус байгууллагыг тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр байгуулсан. Ингэж дэлхийн монгол судлалыг зангидан төвлөрүүлдэг гол байгууллага бий болсон түүхтэй.
Үзсэн: 17
Tweet