“Хариуцлагатай аялцгаая” хоёрдугаар аяны нээлт боллоо
Гадаад харилцааны яам, АНУ болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдтай хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл , сурталчилгааны хоёрдугаар аяныг зохион байгуулж байна.
Монгол иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, визгүй зорчих боломжийг бүрдүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг юм. Гадаад харилцааны яам, Америкийн Нэгдсэн Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдтай хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл , сурталчилгааны хоёрдугаар аяны нээлт ГХЯ-нд боллоо. Тус арга хэмжээнд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон нар оролцож, нээлтийн үг хэлсэн юм.
“Хариуцлагатай аялцгаая” хоёрдугаар аян нь монгол иргэдийн хилийн чанадад зорчих, ялангуяа АНУ, БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд чиглэсэн цогц, цуврал арга хэмжээбайх бөгөөд иргэддээ аливаа гадаад улсын визийн талаарх үнэн зөв, бодит мэдээ, мэдээллийг өгөх, хууль бус виз зуучлагчтай тэмцэх, хилийн чанадад гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй иргэдийн тоог бууруулах, иргэдийнхээ хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Гадаад харилцааны яамны ТНБД Л.Мөнхтүшиг аяны нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр гадаад улстай хийж буй яриа хэлэлцээний үед тавигддаг үндсэн шаардлага нь иргэд гадаад улсад зорчихдоо визэнд заасан зорилго, хугацааг зөрчихгүй байх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх гэсэн хувь хүний хариуцлагын асуудал байдаг. Гадаадад байгаа, зорчиж байгаа нэг монгол хүний хариуцлагагүй үйлдэл нь мянга, мянган нутаг нэгтнийхээ, тэр дундаа ойр дотны хүмүүсийнхээ эрх ашгийг хохироож байдаг. Иймд, аливаа гадаад улсад визгүй зорчих нөхцөл, шалгуурыг хангахад иргэдийн маань өөрсдийн оролцоо, ухамсар, хариуцлага туйлын чухал үүрэгтэй. Энэхүү мэдээлэл, сурталчилгааны хоёрдугаар аян нь монгол иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд чиглэгдсэн цогц арга хэмжээ байх бөгөөд цаашид иргэдэд эдгээр улсын визийн талаар зөв мэдээ, мэдээлэл өгөх, хууль бус виз зуучлагчтай тэмцэх, гэмт, хэрэг, зөрчилд холбогдож буй иргэдийн тоог бууруулах, иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой” гэдгийг онцоллоо.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанган “Энэхүү аян нь Монгол Улс болон түүний гуравдагч хөршүүд болох АНУ, Өмнөд Солонгос хоорондын албан ёсны харилцааг хөндөж буй ч гол зорилго нь өдөр тутамдаа аялагч нарын тогтоож байдаг иргэд хоорондын харилцаанд чиглэж байна. Бид АНУ-д хууль ёсны зочдыг талархан хүлээж авдаг. Мөн сүүлийн хэдэн жилийн хугацаанд АНУ-д зочлох хүсэлтэй монголчууд урьд урьдынхаас олноор нэмэгдэж байгаад бид бахархалтай байна. Тухайлбал, өнгөрсөн 12 сарын хугацаанд АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс Монголын иргэдэд 18 мянга орчим виз олгосон байна. Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээлснээр, энэ оны 5-р сарын байдлаар АНУ-д 3000 монгол оюутан суралцаж байгаа нь өмнөх оны 2700-оос ахижээ. 2024 онд 800 гаруй оюутан F1 виз, олон улсын солилцооны төрөл бүрийн хөтөлбөрийн 2000 гаруй зочид J1 виз авчээ. Эдгээр тоо нь өсөлт харуулж байгаа ч Монголд дахиад олон хүн АНУ-д зорчих виз авахад хялбар байгаасай гэж хүсэж байгааг бид ойлгож байна. АНУ-д зорчоод буцаж ирсэн болон ирээгүй монгол аялагчдын өмнөх түүх виз олголтонд ихээхэн нөлөөлдөг. Өнөөдөр виз мэдүүлэгч АНУ-ын визний шалгуурыг хангах эсэхийг үнэлэхэд тэрхүү мэдээлэл нөлөөлнө. Монголчууд АНУ болон бусад улс руу зорчих явдлыг хөнгөвчлөхийн тулд хариуцлагатай зорчих шаардлага хүн бүрт тавигдаж байна. Хэрхэн илүү ухаалаг, илүү хариуцлагатай аялах вэ? Энэ бол энэ аяны гол зорилго юм. Илүү олон хүн хариуцлагатай аялах тусам гарах өөрчлөлтүүд нь ирээдүйд Монголын виз мэдүүлэгчдийн үнэлгээнд эерэгээр нөлөөлнө. Хариуцлагатай аялна гэж юу гэсэн үг вэ? Энэ нь зорьж очсон улс орныхоо хууль тогтоомжийг дагаж мөрдөхийн тулд өөрийн хийх үйлдлүүдийг бодож цэгнэнэ гэсэн үг. Зарим хүмүүс визний хугацаагаа хэтрүүлэх, тэр дундаа АНУ-д зөвшөөрөлгүй ажиллах зэрэг нь зөвхөн тэдэнд төдийгүй ирээдүйд тэдний найз нөхөд, гэр бүл, элэг нэгт иргэдэд муу үр дагавартай. Буруу сонголт хийвэл цаашид бусдын аялах, зорчих асуудлыг ч хүндрүүлнэ. Учир нь, буруу сонголт хийснээр тодорхой хугацаанд, хууль ёсны зорилгоор зорчих виз авахдаа түүнтэй хамт дагалдаж ирсэн итгэлийг зөрчиж байна гэсэн үг. Энэхүү аяны хүрээнд тавих бидний зорилго бол хариуцлагатай аялах нь юу гэсэн үг, яагаад чухал болохыг олон нийтэд таниулах явдал юм. Визний журам нь нарийн төвөгтэй бөгөөд хариуцлагатай зорчих гэдэг нь үнэхээр юу гэсэн үг болохыг ойлгоход заримдаа хэцүү байж магадгүй. Өнөөдөр бидний нээж буй олон нийтэд зориулсан сурталчилгааны зарууд нь аялагчдад “хариуцлагатай аялацгаая” гэж уриалахдаа бид яг юу хэлэх гээд байгааг нийт монголчуудад илүү сайн ойлгуулах зорилготой юм. Хүн бүр ойлголттой байж, хариуцлагатай аялах юм бол монголчууд АНУ-д зочлоход илүү амар хялбар байх болно. Учир нь, хууль тогтоомж зөрчихгүйгээр аялж, тэр дундаа аяллын хууль ёсны зорилго нь дуусмагц цагтаа эх орондоо буцаж ирэх нь итгэлцлийг бий болгодог. Сүүлийн хоёр жил АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллахдаа бахархалтай байна. Миний болон АНУ-ын Элчин сайдын яамны эрхэм зорилго бол манай хоёр орны харилцааг бэхжүүлэх явдал юм. АНУ руу аялах нь үүний чухал хэсэг юм. Бараа бүтээгдэхүүнээ зарах гэсэн Монголын бизнес эрхлэгч, эсвэл үр хүүхэд, ач зээ нартайгаа уулзах гэсэн эцэг эх, АНУ-ын их дээд сургуульд суралцаж буй оюутнууд, Гөүлден Гэйт гүүр, эсвэл Эрх чөлөөний хөшөөг үзэхийг хүссэн аялагчид аль нь ч бай манай хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд тусалж байдаг” гэсэн юм.
Гадаад харилцааны яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран тус улсын виз мэдүүлэх, виз авсан иргэдийг АНУ-д зорчихдоо визийн хугацаагаа хэтрүүлэхгүй, визийн зорилгодоо нийцүүлэн аялахыг уриалсан “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяныг 2017 оны 10 дугаар сараас хамтран эхлүүлж, улмаар 2018 онд “Хариуцлагатай аялцгаая” аянд БНСУ-ын ЭСЯ нэгдэн орж байсан. Аяны хүрээнд бэлтгэн хүргэсэн сурталчилгааны ажлууд иргэдэд тодорхой хэмжээгээр хүрч, иргэдийн хариуцлага ухамсар нэмэгдэж, визийн хугацаа хэтрүүлэх зөрчил эрс буурсан үр дүн гарч байсан юм.
Үзсэн: 18366
Tweet