“Дүрслэх урлагийн оны шилдэг бүтээл-2024” тодорлоо
Эхний сонгон шалгаруулалтад нийт ирсэн бүтээлээс 58 уран бүтээлийг 2024 оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд дэглэж, хоёр дугаар шатын сонгон шалгаруулалтаар нийт 3 бүтээл улсын санд авлаа
Дүрслэх урлаг гэдэг нь уран зураг, баримал, график, монументал урлаг, гэрэл зургийг хослуулсан орон зайн урлагийн нэг төрөл юм. Монголын дүрслэх урлагийн зүтгэлтнүүд шинэ нийгмийн зорилтыг хэрэгжүүлж соён гэгээрүүлэх, орчин үеийн дүрслэх урлагийг хөгжүүлэхэд бие сэтгэлээ дайчлан ажиллаж иржээ. Тухайн үед ажиллаж байсан зураач, урчуудын нэг хэсэг нь уламжлалт дүрслэх урлаг, ардын урлал, дорно дахины урлагийн боловсролтой байсан. Харин нөгөө хэсэг нь хувьсгалын жилүүдэд орчин үеийн дүрслэх урлагийн анхны мэдэгдэхүүнийг эзэмшиж байсан уран бүтээлчид юм. Монголын зураач, урчууд өрнө дахины урлагийн анхны мэдэгдэхүүнийг эзэмшиж улмаар тосон будаг, гөлтгөнө материалаар уран бүтээлүүд хийж, бодит амьдралыг дүрслэхэд реалист барилыг эзэмших гэж мэрийн ажиллаж байсан түүхтэй. Уран бүтээлчид бүтээлээ бодит байдалд нийцүүлэн орчин цагийнхаа урлагийн зорилго чиглэлтэй хослуулан хийж байв.
Аливаа улсын утга соёлын түүх тухайн ард түмний туулсан замналтай салшгүй уялдаатай байдагчлан, орчин үеийн дүрслэх урлаг нийт улс үндэсний утга соёлын нийтлэг хэв шинжийг ямар нэг хэмжээгээр шингээхийн сацуу өөрийн орны өвөрмөц амьдрал, байгаль, ахуй байдал, хэв заншил, хувьсал хөгжлийг соргог тусгасан байна.
Монгол улсын орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдийн түгээмэл шинж, үзэл санааны гол чиглэл, хөгжлийн зүй тогтлыг гаргах үүднээс урлагийн бүтээлүүдийг зураасан зураг, уран зураг, уран баримал, тайз чимэглэл, гоёл чимэглэлийн урлаг гэж ангилан тус тусад нь авч үздэг. Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам"-ын дагуу 2024 онд улсын санд худалдан авах шилдэг бүтээл шалгаруулах ёслол боллоо. 2024 оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд уран зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляци, холимог техникийн нийт 118 уран бүтээлчийн 149 бүтээл ирсэн байна. Энэ тухай Монголын уран зургийн галерейн бүртгэл мэдээллийн санч Б.Чимэдхорлоо ярихдаа "Монголын уран зургийн галерей нь жил болгон оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн. Энэ жил Монгол Улсын ЗГ-ын 2023 оны 391 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журмын дагуу шилдэг бүтээлийг шалгаруулж улсын сан хөмрөгт аваад байна. Энэхүү шилдэг бүтээлийн үзэсгэлэнд нийт 149 бүтээл ирүүлснээс орон тооны бус мэргэжлийн зөвлөл нь 2 үе шаттайгаар сонгон шалгаруулалт хийсэн. Эхний сонгон шалгаруулалтад нийт ирсэн бүтээлээс 58 уран бүтээлийг 2024 оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд дэглэж үзэгчдийн хүртээл болгоод байна. Харин хоёр дугаар шатын сонгон шалгаруулалтаар нийтдээ 3 бүтээлийг улсын сан хөмрөгт худалдан авсан" гэлээ.
"Дүрслэх урлагийн 2024 оны шилдэг бүтээл"-ээр Уран бүтээлч Д.Дорждэрэмийн “Орон зай-д" сэдэвт орчин үеийн зураг, Зураач Г.Төмөрийн “Хан Баянзүрх хайрхан" уран зураг, Уран бүтээлч Э.Жанцанхоролын “Хадгалагдсан зовинол" бүтээл шалгарчээ. Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулахдаа орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийн ололт чиг хандлагад хэрхэн нийцсэн зэрэг хэд хэдэн шалгуур үзүүлэлт тавьдаг тухай Монголын уран зургийн галерейн бүртгэл мэдээллийн санч Б.Чимэдхорлоо "Энэ жилийн үзэсгэлэнд оролцож байгаа оролцогч уран бүтээлчдийн тоо бол эрс нэмэгдсэн байна. Мөн дээрээс нь энэ жилийн үзэсгэлэнгийн гол онцлог бол уран баримлын бүтээлүүд их ирсэн. Тэр чинээгээрээ Монголын дүрслэх урлагт уран баримлын төрөл ямар эрчимтэй хөгжиж байгааг энэхүү үзэсгэлэнгээс харж болохоор байна. Шалгуур үзүүлэлтийн тухайд дүрслэх урлагийн журамд заасан үндсэн төрлүүдэд багтсан байхаас гадна галерей сан хөмрөгийн бодлогод нийцсэн байх ёстой. Хамгийн гол үзүүлэлт нь юу байсан бэ гэхээр орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийн ололт, чиг хандлага, үзэл баримтлалыг илэрхийлсэн байх ёстой. Ийм шалгуурыг хангасан шилдэг бүтээлүүдийг сонгон шалгаруулж авсан байна" ийнхүү ярилаа.
"Дүрслэх урлагийн 2024 оны шилдэг бүтээл" үзэсгэлэнд эхний шалгаруулалтад тэнцсэн шилдэг 58 бүтээлийг дэлгэн олны хүртээл болголоо. Үүнд уран зураг, баримал, график, гэрэл зураг гээд дүрслэх урлагийн бүхий л төрлийн бүтээлүүд багтсанаараа ихээхэн онцлогтой. Дүрслэх урлагийн үзэсгэлэнг үзсэнээр тайвшрах, бодол цэгцрэх мэдрэмж авдаг гэж Урлах эрдэм дээд сургуулийн 4-р дамжааны оюутан Өнөржаргал ярилаа. Тэрээр сургуульдаа орсноосоо хойш дүрслэх урлагийн талаар мэдээлэл авч эхлээд цааш нь сонирхож эхэлсэн. Өмнө нь энэ төрлийн бага сага мэдээлэл авдаг байсан ч гэсэн сайн ойлгодоггүй гээд "Урлах эрдэм" дээд сургуульд орсноос хойш дүрслэх урлагийн ойлголт мэдээллийг хичээлээсээ авч илүү гүнзгийрүүлж судалж эхэлсэн. "Би яг ийм уран зураг харахаар илүү тайван мэдрэмж авдаг. Зураач нь тухайн үед нь зурж байхдаа ийм зүйл бодож зурж байсан байх, ийм мэдрэмж авч байсан байх гээд олон зүйлийг эргэцүүлэн боддог. Уран зургийн дүрслэл өнгө зэргийг хараад нэг ийм таашаалыг авдаг. Надад энэ удаагийн үзэсгэлэнгээс Бадрал гээд зураачийн "Холбоос" гэдэг бүтээл их таалагдсан. Энэ дээр гарсан өнгөний холбоос, өнгөний зохицуулалт, зурсан техник ажиллагаа нь илүү их таалагдлаа гэв.
Бид нэвтрүүлгийнхээ энэ хэсэгт сонсогч та бүхэнтэйгээ уран бүтээлчдийн төлөөллийг уулзуулах болно. Уран бүтээлч Д.Дорждэрэмийн бүтээлүүд орчин үеийн, байгальлаг бөгөөд туульслаг, зөөлөн бөгөөд хүчирхэг, нууцлаг болоод ил, сүнслэг шинэ өнгө төрхийг илэрхийлдэг гэдгийг уран бүтээлчид тодотгодог. Түүний хувьд дүрслэх урлагийн оны шилдэг бүтээл үзэсгэлэнд “Орон зай” бүтээлээрээ оролцож шилдгээр шалгарлаа. Уран бүтээлч Д.Дорждэрэм өөрийн бүтээлээ танилцуулахдаа "Хэрвээ төсөөлөх юм бол огторгуй дээр одод харагдаж байгаагаар бүтээлээ хийсэн. Тэр дунд нь оддын байрлал шиг биш хүний эмх цэгцтэй ойлголтын задлан гэх маягаар төсөөлөгдөж болохуйц металл тайлбаруудыг шигтгэж өгсөн. Хүмүүс үүнийг харахдаа алт гэж андуурдаг гэвч алт биш. Би монголд дархны анги төгсөж байсан. Түүгээрээ металл эдлэлтэй ойртох боломжтой болсон юм уу гэж боддог. Миний хувьд уран дархны гар ажиллагаа гэхээсээ илүү өөрийн туршилтаар бүтээл хийх дуртай. Тэд нарыгаа хооронд нь нийлүүлж тэндээс шинэ хэллэг шинэ ертөнц нээхийг хүсдэг. Энэ үүднээс ажиллаж байгаа нэг бүтээл маань энэ болж таарсан. Ерөнхийдөө энэ зургийг эхлээд харахад зүгээр усаар норгочихсон юм шиг бөнжигнөж харагдана. Яагаад энэ эффектийг ашиглаж байгаа вэ гэхээр. Би өөрөө орон зайд оддыг дүрсэлье гэж бодоод бүтэлгүйтээд байсан. Тэгсэн чинь зүгээр энгийн юман дээрээс гаргалгааг нь олсон. Тэр нь усны дусал нарны гэрэлд од шиг гялтганаж харагддаг тэр арга юм. Өөрөөр хэлбэл маш олон жижиг усны дусал дээр туссан гэрлийн тусгал маш олон одод юм шиг харагдаж байгаа юм. Яг үнэндээ энд байгаа хүчтэй гэрлийг унтраачих юм бол энэ зүгээр хөлөрсөн хана шиг юм болно. Гэрлээсээ шалтгаалж эффектээ өөрчлөөд байгаа юм" гэсэн юм.
Бидний дараагийн онцлох уран бүтээлч бол Э.Жанцанхорол. Тэрээр энэ удаагийн үзэсгэлэнд “Хадгалагдсан зовинол” бүтээлээр оролцож шилдгээр тодорсон. Түүний бүтээлд эвэр нь бэлгэдлийн чанараараа дархлаа, хамгаалалт, дасан зохицол гэсэн санаагаар илэрхийлэгддэг бөгөөд уг бүтээлээ шатамхай бензин агуулдаг хуучин нийгмийн олдвор мэт эд зүйлээс Монгол дархлаа урган гарч буй хүүрнэл асуулт дэвшүүлэн туурвижээ. Уран бүтээлч Э.Жанцанхорол нь 2019 онд эх орноо төлөөлөн Венецийн беннальд оролцож байсан бол 2023 онд Хонгконгийн арт Базельд оролцсон залуу уран бүтээлч юм. Түүний бүтээлүүд Нью-Йорк, Лондон, Майами, Лос Анжелес зэрэг хотод үзэсгэлэнд дэглэгджээ. Өөрийн оюун санаагаар урлаж байгаа бүтээл бүртээ ямар нэгэн утга санаа, нийгмийн өнгө төрхийг шингээхийг хичээдэг тухайгаа Уран бүтээлч Э.Жанцанхорол бидэнтэй хуваалцлаа.
"Миний бүтээлийн ерөнхий утга санаа бол дархлаа, эсэргүүцэл, дасан зохицол гэх мэтчилэн зүйлүүд байдаг. Мөн нийгэм хүн төрөлхтөн байгалийг хувьслын үе шатуудад авч үздэг гэж хэлж болно. Жишээлбэл миний яриад байгаа дархлаа бол бие физиологи дээр ч гардаг өөрчлөлт. Бас нүдэнд үзэгдэх бус байдлаар ч гэсэн явагдаад байгаа гэсэн үг. Мэдлэг соёл, уламжлал, түүх домог хэрхэн үеэс үед дамжуулагддаг, ямар хэсэг нь гээгдээд ямар хэсэг нь илүү давслагдаад явдаг вэ гэх мэт аливаа зүйл үргэлж ийм хөгжлийн үе шатын хөдөлгөөнд оршиж байдаг гэж хэлж болно. Энэ шилдэг бүтээлийн үзэсгэлэнд оролцуулсан бүтээл маань бол Хадгалагдсан зовнил гэдэг нэртэй. Ерөнхий байдлыг харахад бол хуучны төмөр канистраас эвэр ургаж гарч ирсэн мэт дүр зурагтай хөдөлгөөнтэй ч юм шиг эс үгүй бол царцчихсан ч юм шиг дүр төрхийг харуулж байгаа юм. Энэ нь өнгөрсөн нийгмийг илэрхийлэх ертифакт гэж хэлж болно. Эврээр төлөөлүүлж, илүү ургалт, хамгаалалт, дархлаа зэргийг илэрхийлсэн. Нийгмийн сэдэв дээр бол хүмүүс дотроо юуг тээж явдаг вэ? Тэр тээж яваа юм нь хүнийг яаж дотроос нь өвтгөдөг вэ гэдэг агуулга юм. Нөгөө талаасаа байгаль дээр оршиж байгаа зүйлүүдийг өөртөө нэгтгэж авдаг гэсэн хэд хэдэн санаануудыг хэлж байгаа бүтээл юм. Би гадаадад сурч, ажиллаж, амьдраад олон жил болсон. Гэхдээ Монгол руугаа эргэж ирэхийг үргэлжид бодсоор байсан. Яагаад гэвэл бүтээл хийх сэдэл яг тэр орчинд нь орж байж төрдөг. Би зөвхөн урлана даа бүтээл хийдэггүй. Нийгмийн өдөр тутмын амьдралд оролцож байж тэр дундаас сэдэл олж, бүтээлийн хийх орчноо бүрдүүлдэг гэж хэлж болно. Жишээлбэл миний явах дуртай газрууд гэвэл зах, худалдааны төв, барилгын материалын дэлгүүр гэх мэт. Тэр газруудаас хүмүүс хэрхэн эвдэрсэн зүйлээ янзлах үгүй бол шинээр юм бүтээх арга аргачлал, түүхий эд материалуудын нээлттэй боломжуудыг ажиглаж хардаг. Нийгмийн талаасаа харах юм бол хүмүүсийн ихэнх аж ахуйн асуудлуудын судалгаа ч хийж болохоор тийм сонирхолтой талбар санагддаг. Дэлхийн нийт бас Монголд ч гэсэн тодорхой хэмжээнд үйлдвэржиж байна. Энэ шилжилтийн үед шинэ зүйлээ эс үгүй бол аль хэдийнээ байсан зүйлийг анзаарч харах үе. Уран бүтээлч хүмүүст хамаатай зүйл нь бид энэ үед хөгжлийн ямар түвшинд явж байна вэ гэдгээ өөрсдөөсөө дахин дахин асуух тийм цаг үе байх гэж бодож байна".
Монголын уран зургийн галерей нь “Оны шилдэг бүтээл 2024" үзэсгэлэнгийн зохион байгуулалт, цар хүрээг өргөтгөх, үзэсгэлэнгийн нэр хүндийг дээшлүүлэх, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор үзэгчдийн таашаал хүртсэн нэг бүтээлд "Монголын уран зургийн галерейн нэрэмжит шагнал”-ыг гардуулж ирсэн уламжлалтай. Энэхүү нэр хүндтэй шагналыг залуу уран бүтээлч Г.Мөнхболор "Зүүдний хүрд" бүтээлээр хүртлээ. Мөн түүнчлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд бие даасан үзэсгэлэн гаргах эрх, хүрэл цомын эзнээр тодорсон юм. Одоо үргэлжлүүлэн залуу уран бүтээлч Г.Мөнхболортой та бүхнийг уулзуулья. Тэрээр зураачийн гэр бүлд төрсөн. 10 наснаасаа уран зургийн сургуульд орсон. 30 тайгаасаа хойш тасралтгүй уран бүтээл хийж байна. Мөнхболор орчин үеийн урлаг чиглэлээр бүтээлээ хийдэг. Гэхдээ хүний бүтээлч сэтгэлгээ хил хязгааргүй байхыг шаардаж байгаа гэж хардаг гэсэн юм. "Зүүдний хүрд" гэсэн бүтээлээр энэ удаагийн үзэсгэлэнд оролцож, бүтээлийн суурь зураг нь жилийн өмнө хийгдэж байжээ. Ер нь аливаа бүтээл дээрээ удаан ажилладаг. Урлаг дуусдаггүй гэж ярьдаг. Өнөөдөр ингээд би болчихсон гэж харж байгаа ч маргааш энэ бүтээл дээрээ ямар нэгэн зүйл нэмж өөрчилж ч магадгүй гэж зураач бүтээлийнхээ тухай тодруулсан билээ.
Монголчууд аливаа зүйлийг уран сайхнаар дүрслэн бүтээх сод чанар, билгийн мэлмийтэй ард түмэн. Энэхүү авьяас билгээр бүтээгдсэн суут бүтээлүүд өдгөө хүн төрөлхтний соёлын үнэт өв мөн хэмээн зөвшөөрөгдсөөр байна. Өнө эртнээс улбаатай монголын дүрслэх урлагийн сан хөмрөгийг өнөө цагт шинэ залуу уран бүтээлчид өөрийн уран бүтээлээрээ арвижуулан баяжуулж, дараа үедээ өвлүүлэн үлдээж буй нь бахархалтай.
Үзсэн: 2830
Tweet