“Алибаба групп” компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Тус компанийн “Flipig” платформыг түшиглэж хоёр улсын аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлэх зэрэг олон талаар Монгол Улсын төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ
БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ханжөү хотод байрладаг, “Алибаба групп” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани олон салбарт үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна Ханжөү хотыг түгжрэлгүй, БНХАУ-ын ухаалаг, дэвшилтэт технологийн тэргүүлэх хот болгон хөгжихөд чухал хувь нэмэр оруулжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд технологийн шилдэг компаниудын үйл ажиллагаатай танилцаж, шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үр дүнд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хурдтай хөгжлийн гурван шилжилтийг хийхэд тус компани манай улстай төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хүний нөөц чадавхижуулах, боомтуудын дижитал шилжилт, уул уурхайн ухаалаг тээврийн систем зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Мөн “Алибаба групп” компани Монгол Улстай цахим худалдааны платформ хөгжүүлэлт, ухаалаг хотын бүтээн байгуулалт, тус компанийн “Flipig” платформыг түшиглэж хоёр улсын аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлэх зэрэг олон талаар Монгол Улсын төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.
Үзсэн: 2311
Tweet