Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой ирэх бямба гарагт болно
Энэ бямба гарагт жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Их эзэн Чингис хааны алтан сургаал, айлдвараас сонордуулан, Төрийн тугийг цэнгүүлнэ
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” XVII жарны модон луу жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу ирэх сарын 2-нд тохионо. Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан энэ бямба гарагт жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Их эзэн Чингис хааны алтан сургаал, айлдвараас сонордуулан, Төрийн тугийг цэнгүүлнэ. Мөн энэ өдөр Монголын түүх судлалыг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурах, гардуулах ёслол болно. Түүнчлэн Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол болж, төр засгийн тэргүүн, төрийн өндөр албан тушаалтнууд, “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолд уригдсан хүндэт зочид, иргэд Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлнэ. “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдааныг уламжлал ёсоор зохион байгуулж, түрүүлсэн бөхөд Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” шилжин явах цомыг анх удаа гардуулах юм. Мөн Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу ирэх сарын 4-нд Богд хааны Ордон музейд тууль хайлна.
Үзсэн: 684
Tweet