Монгол бахархлын өдөр 11-р сарын 02-нд тохиож байна
"Чингис хаан" одонг хүртээх 18 дахь эрхмийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зарлалаа
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Чингис хааны төрсөн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр 11-р сарын 02-нд тохиож байна. Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийж, "Чингис хаан" одонг хүртээх 18 дахь эрхмийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зарлалаа. Энэ жил НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртээхээр болжээ. Түүний хувьд БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн орлогч сайд, Гадаад хэргийн сайдын тусгай зөвлөх, Америкийн газрын ерөнхий захирал, НҮБ-ын Вена дахь төвд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан. Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар 2005 оны долоодугаар сарын 11-нд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбатыг “Чингис хаан” одонгоор хамгийн анх шагнасан. Эхэндээ Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоож, үүнээс хойш тус одонгоор нийт зургаан хүн шагнагдсан. Тогтоолын төсөлд өөрчлөлт орсноор “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр”-өөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгасан билээ.
Үзсэн: 854
Tweet