БНКУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев манай улсад айлчилж байна
Хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев энэ сарын 28-29-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү төрийн айлчлал нь Бүгд найрамдах Казахстан улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.
Үзсэн: 2299
Tweet