Хатагтай С.Лаянсын манай оронд хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө
Энэхүү айлчлал Монгол, Австралийн харилцааг бэхжүүлж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмж, Иж бүрэн түншлэлийн түвшинд ахиулах хоёр талын зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов
Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай С.Лаянсын манай оронд хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь Монгол-Австралийн парламентын бүлгийн гишүүдтэй хоёр талын уулзалт хийв. Мөн Монгол Улсын ХЭҮК-ын гишүүд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцсоноос гадна Австралийн Засгийн газрын санхүүжилтээр Монголд хэрэгжүүлж буй зарим төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцав. Тухайлбал, “Эмэгтэйчүүдийн Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” хөтөлбөрт хамрагдаж буй айл өрхөөр зочилж, Үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцав. Сенатын Ерөнхийлөгч С.Лаянсын энэхүү айлчлал Монгол, Австралийн харилцааг бэхжүүлж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмж, Иж бүрэн түншлэлийн түвшинд ахиулах хоёр талын зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцоллоо.
Үзсэн: 3988
Tweet