ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Мартин Чунгон-тай уулзав
2024 онд шинээр бүрдсэн парламент эрх зүйн шинэ орчинд үйл ажиллагаагаа явуулж байгааг тодотгов
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны 149 дүгээр Ассамблейн үеэр зохион байгуулж буй Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн чуулга уулзалтад оролцож байна. Тэрбээр ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой уулзлаа. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд ОУПХ болон гишүүн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа онцгой чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв. Түүнчлэн Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй ОУПХ-той хамтран хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажилласныг дурдаад, үүний үр дүнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн баталж, 2024 онд шинээр бүрдсэн парламент эрх зүйн шинэ орчинд үйл ажиллагаагаа явуулж байгааг тодотгов. Анхны 126 гишүүнтэй Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө боловсруулан хэлэлцүүлж буй энэ үед санал авахаар ОУПХ-нд албан бичиг хүргүүлсэн хэмээгээд Улсын Их Хурал, түүний Тамгын газрын ажилд бүх талын дэмжлэг үзүүлэн ажилладаг ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Мартин Чунгонд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Үзсэн: 5233
Tweet