БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа Москва хотноо ажиллаж байна
Монгол, Оросын төр болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтарсан уулзалтууд үргэлжилж буй бөгөөд нарийвчилсан төлөвлөгөө гарган батлахаар ажиллаж байна
БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловын урилгаар Москва хотноо ажиллаж байна. Сайд С.Одонтуяа төр, шинжлэх ухааны төлөөллүүдтэй уулзалт хийж, гацсан асуудлуудаар шийдэлд хүрч чадлаа. Байгал нуур нь дэлхийн нийт цэнгэг усны нөөцийн 20 хувийг бүрдүүлдэг бол түүнд цутгаж буй нийт усны 50 хувийг Сэлэнгэ мөрөн бүрдүүлдэг учир усны нөөцийн менежмент, ашиглалт зөвхөн хоёр улсын асуудал биш тул хамтарч шийдэх шаардлагатай болдог. Иймээс Эгийн гол дээр барихаар төлөвлөж буй Эгийн голын УЦС-ын төслийн Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хоёр улсын ШУА-ын эрдэмтэн судлаачид хамтран хэрэгжүүлэхээр судалгааны ажил даруй эхлүүлэхээр тохиролцож, ажиллах журам, ажлын төлөвлөгөө, хариуцах эзэн, цаг хугацааг нарийвчлан тогтоохоор тохиролцов. Судалгааны ажлуудыг хоёр улсын ШУА хамтран хэрэгжүүлэх нь хилийн усны асуудлаар шинжлэх ухааны шийдлийг ашиглаж буй бодит жишээ болно гэж үзээд байгаль орчны аливаа асуудлыг уур амьсгалын өөрчлөлтийн үйл явц, нөлөөлөлтэй уялдуулан шийдвэрлэхийн чухлыг талууд санал нэгтэйгээр тэмдэглэв. Монгол, Оросын төр болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтарсан уулзалтууд үргэлжилж буй бөгөөд нарийвчилсан төлөвлөгөө гарган батлахаар ажиллаж байна.
Үзсэн: 1203
Tweet