Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахр Монголд айлчилж байна
Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн төвийн шинэ барилгыг барьж, тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлж, амжилттай ашиглалтад оруулсанд талархал илэрхийлжээ
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахр тэргүүтэй холбогдох албаны хүмүүсийг хүлээж авч, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд сайд Т.Мөнхсайхан Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн төвийн шинэ барилгыг барьж, тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлж, амжилттай ашиглалтад оруулсанд талархал илэрхийлжээ. Тэрбээр, Түлэнхийн төвийн үйл ажиллагаа нь бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр ГССҮТ-ийн ачааллыг 30 хувиар бууруулж, түлэгдэлт, осголт хөлдөлтийн үеийн тусламж, үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэхээс гадна улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг томоохон эмнэлэг болсныг онцоллоо. Манай улсын хувьд жилдээ 7000 гаруй хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэний 60 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. 2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл 108 хувиар, нас баралтын тоо хоёр дахин нэмэгдэх урьдчилсан судалгааны үр дүн гарсан учраас хавдар судлалын салбар эмнэлгийг байгуулах нэн шаардлагатай байгаа юм. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв нь Улаанбаатар хотын төвд байрлаж байгаа нь цар тахлын үед хүн амын дунд халдварын голомт үүсгэх өндөр эрсдэлтэй тул тус эмнэлгийг хот суурин газраас холдуулснаар өвчин тархах эрсдэлийг бууруулах боломж бий болно. Хавдар судлалын үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийг байгуулахад шаардлагатай санхүүжилтийг Кувейтийн сангийн дэмжлэгээр шийдүүлэх хүсэлтэй байгаагаа Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахрд илэрхийлж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахр эрүүл мэндийн салбарт боломжтой бүхий л арга замаар хамтран ажиллана. Хүсэлтүүдээ албан ёсоор тавьснаар шийдвэрлэх арга замын талаар ярилцах боломжтойг уламжлаад шаардлагатай санхүүжилтийг нааштайгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллана гэлээ.
Үзсэн: 4026
Tweet