Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол - Энэтхэгийн Хүмүүнлэгийн салбарын харилцаа


Densmaa 2024-10-04 01:10

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Жайпур фут” төслөөр хөгжлийн бэрхшээлтэй 650 хүнд хиймэл хөл үнэ төлбөргүй хийж өгч эхэллээ

  Монгол Энэтхэг 2 улсын орчин үеийн харилцааг 1955 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тооцдог. Социалист бус улс орнуудаас хамгийн анх Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн улс нь Энэтхэг улс юм. Түүнээс хойш хоёр улс олон улсын тавцанд нэг бус удаа бие, биенээ түшиж тулсан түүх бий.         

Хоёр орны хооронд албан ёсоор дипломат харилцаа тогтсоноос хойш 40 гаруй хамтын ажиллагааны санамж бичиг болон гэрээ, хэлэлцээрүүд байгуулагджээ. Шинэ зуунд Монгол улсын гадаад бодлогын нэг хэсэг нь гурвалсан, дөрвөлсөн хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал хэмээн олон улсын судлаачид үздэг. Энэ хүрээнд хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа хоёр орны ард түмний эрх ашиг, олон улсын харилцааны нийтлэг зарчимд тулгуурлан эдийн засаг, уул уурхай, боловсрол, соёл шинжлэх ухаан, хүмүүнлэг, эрүүл мэндийн салбарт амжилттай хөгжиж байна. Хүмүүнлэг, эрүүл мэндийн салбарт гэхэд тухайлбал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Жайпур фут” төслөөр хөгжлийн бэрхшээлтэй 650 хүнд хиймэл хөл үнэ төлбөргүй хийж өгч эхэллээ. Төсөл 2024 оны 9 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 9-ний хооронд хэрэгжих юм. Жайпур фут нь олон улсад хэрэгждэг хүмүүнлэгийн төсөл юм. Энэхүү төслийг 1975 онд сайн санаат хүмүүсийн тусламж, хандиваар эхлүүлж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон орны хөгжлийн бэрхшээлтэй 2.2 сая иргэнд хиймэл гар, хөл хийж өгчээ. Манай улс энэ төслийг хэрэгжүүлж буй 45 дахь орон болж байна. Ингээд та бүхэнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвегийн яриаг хүргэе.

Элчин сайд Атул Малхари Готсурве: Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Жайпур фут” төслөөс хөгжлийн бэрхшээлтэй 650 хүнд хиймэл хөл үнэ төлбөргүй хийж өгч байна. Ингэснээр зөвхөн 650 хүнийн бие махбодь төдийгүй тэдний гэр бүлд сэтгэл зүйн хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм. Манай ерөнхий сайд Нарендра Моди “Нэг дэлхий, нэг гэр бүл, нэг ирээдүй” гэсэн алсын харааг зорилт болгон хэрэгжүүлж байна. Энэ зорилтын хүрээнд бид бүгд нэг гэр бүл учраас бие биедээ халуун сэтгэлээр туслах хэрэгтэй. Үүний нэг тод жишээ нь Энэтхэг – Монголын найрамдалт харилцаа юм. Цаашид бид Энэтхэгийн энд хэрэгжүүлж байгаа технологийг Монголд хэрхэн нэвтрүүлэх талаар Энэтхэгийн тал болон Монголын Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай яриа хэлэлцээ хийж байна.

     “Жайпур фут” төслийн багийн ахлагч Сатиш Чанд Мехта нээлтийн үеэр "Хиймэл хөл, гар хийх технологи нь байнга шинэчлэгдэж байдаг. Тиймээс энэ арга туршлагаасаа танай улсын протез, ортопедийн үйлдвэрийн ажилтнуудад зааж, мэргэжлийн зөвлөгөө өгөхөд бэлэн" гэсэн юм. 

Сатиш Чанд Мехта: Манай компани энэ өдрүүдэд 108 дахь түр үйлдвэрээ Монголд байгуулаад байна. Манай үйл ажиллагааг сайшааж НҮБ-аас 2018 онд манай Ашгийн бус байгууллагыг шагнасан. Технологийн хувьд бид дэлхийн хамгийн дэвшилтэт технологи ашигладаг учраас манай хиймэл эрхтнийг ашиглахад яг л энгийн хүн шиг явж, дугуй унаж, үсэрч харайж, өвдөглөж сууж болно. Харахад мод, резин зэрэг материал ашигласан энгийн мэт боловч технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшлийг ашиглаж хийдэг. Стэнфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч, технологи боловсруулан сайжруулалт хийж, өвдөгнөөс дээш үетэй хөл мөн хийсэн. Уг технологи нь дэлхийн хамгийн дэвшилтэт 15 технологийн нэг юм. АНУ-тай харьцуулахад өртөг зардлын хувьд бага. АНУ-д 10 мянган ам.доллараар хийдэг бол Энэтхэг улсад 100 ам.долларын өртөгтэй хийж байна. Манай Ашгийн бус байгууллагад бүх хүн сайн дураар ажилладаг учир ийм бага зардлаар хийх боломж бүрдэж байгаа юм.

Бид анх Монгол улсад 600 хиймэл хөл гар хийхээр төлөвлөж байсан ч хандивлагч нарын дэмээр 650-ийг хийх боломжтой болсон. Цаашдаа биднийг дэмжих ямар ч улс, хувь хүн, компанитай хамтарч ажиллахад баяртай байх болно. Бид ашгийн бус байгууллага тул хүмүүст хиймэл эд эрхтэн хийж өгснөөр эдгээр хүмүүс энгийн хүмүүсийн хийж чаддаг зүйлсийг хийх боломжтойгоос гадна ажил хийж, ашиг орлого олох боломжтой болох юм. Тэгэхээр энэ нь зөвхөн бие махбодийн хувьд төдийгүй сэтгэл санааны хувьд ч дэмжлэг үзүүлж байгаа хэрэг юм. Энэ бүх зүйлийг хийхийн тулд техник, технологийн өндөр дэвшил болон мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй. Манайд энэ бүхэн байна. Тийм учраас цаашид монгол мэргэжилтнүүдийг сургаж, Монгол улсад төв байгуулж ажиллах боломжтой гэж бодож байна.  

    Монгол Улсад 111,2 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байдгийн 21 мянга гаруй нь хөдөлгөөний бэрхшээлтэй. Салбар яамнаас боловсруулж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль, Бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай хуульд туслах технологи, хиймэл эрхтний асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Хиймэл гар, хөлийг дунджаар 3-4 жилийн хугацаанд солих хэрэгтэй болдог. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд нөхөн сэргээх үйлчилгээг тухай бүр авч чаддаггүй, протез, ортопедийн үйлдвэрийн үйлчилгээний хөлс өндөр, нийгмийн халамжийн сангаас гурван жил тутамд протез, ортопедийн үйлчилгээний хөлс олгодог ч чирэгдэл их зэрэг бэрхшээлийн талаар ярьж байсан юм. Энэхүү төсөл нь дээрх бэрхшээлийг хөнгөвчлөхийн зэрэгцээ протез нь чанарын хувьд ч өндөр түвшинд байгаад иргэд сэтгэл хангалуун байлаа.

Энэтхэг улсаас ирсэн мэргэжилтнүүд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд ажиллан, өдөрт 15 хүнд хиймэл хөл хийж өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Бид төсөлд хамрагдсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзсан юм.

Сэргэлэн: Би 14 настай. Анх 2014 онд протезтой болсон. Тэрнээс хойш хиймэл хөл хийлгэсээр байгаад сүүлдээ нөгөө хөлнүүд маань таарахаа болиод зовуурь өгч эхэлсэн. Энэ төслийн хүрээнд шинэ хөлтэй болсондоо их баяртай байна. Их эвтэйхэн, үнэхээр таалагдаж байна. Өмнөх хиймэл хөлнүүдээ бодвол хамаагүй биед эвтэйхэн, тухтай байна. Үсэрч, гүйж харайхад ямар ч асуудалгүй, амар байна. Өмнөх хөлнүүд маань гүйж харайхад холгож өвтгөөд байдаг байсан. 

Мөнхзаяа: Маш их баяртай байна. Удахгүй 2 хөл дээрээ явдаг болоод таягаа хаяад хүүхдээ хөтлөөд явна гэдэг бол миний хувьд маш гоё, үгээр хэлэхийн аргагүй тийм гоё мэдрэмж байна. Бас их баярлаж байна. Над шиг олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа. Тэр хүмүүст ийм буянтай зүйл хийгээд хамтдаа хичээж байгаа Энэтхэг Улсын Элчин сайдын яам, эмч нар гээд бүхий л хүмүүстээ маш их баярлалаа л гэж хэлье дээ. Гоё байна.      

     Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопед, тусгай хэрэгслийн нэр, төрөл, жишиг үнийг нэмэгдүүлэх, протезийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилж, үйлдвэрлэлд шинэ техник технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байна. Ингээд та бүхэнд Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л. Энх-Амгалангийн яриаг сонсгоё.

Сайд Л. Энх-Амгалан: Энэтхэгийн ард түмэн, Энэтхэгийн засгийн газраас Монголын хөгжлийн бэрхшээлтэй буюу хиймэл хөл гар хэрэглэдэг иргэдэд зориулж 650 хөл гарыг тухай тухайн хүмүүсийн өөрсдийн эрэлт хэрэгцээнд тохируулан хийж өгөхөөр Монголд үйлдвэртэйгээ ирээд байгаа ийм сайн төсөл байгаа юм. Монголд протез буюу хиймэл эрхтний гурван үйлдвэр байна. Тоног төхөөрөмж нь байна. Гэтэл харамсалтай нь энэ тоног төхөөрөмжин дээр ажиллах мэргэжлийн техникийн хүмүүсийг сургах асуудлууд байна. Мөн бид нар их сайн материал авч байж сайн протез хийх ёстой юм байна гэдгийг ойлголоо. Монголд байгаа 112 мянган ХБИ-ээс яг энэ тулгуур эрхтний буюу хөдөлгөөний бэрхшээлтэй 21 мянга иргэн, үүнээс хиймэл хөл гар хэрэглэж байгаа 6000 иргэн байна. Эдгээр иргэдийн өөрсдийн эрэлт хэрэгцээнд тохирсон хиймэл эрхтнүүдийг хийж өгөх нь их чухал байгаа юм. Тэгэхээр өртөг бага байх ёстой, тухайн иргэний эрэлт хэрэгцээг хангасан байх ёстой. Тэгээд гол асуудал бол 3 жил тутам хиймэл эрхтэн протезийг дээрх иргэддээ өгдөг. Гэтэл харамсалтай нь төрөөс өгөөд байгаа протез нь тухайн иргэдийн эрэлт хэрэгцээ шаардлагыг хангаж чаддаггүй ийм асуудал байдаг. Зарим эрхтнүүд 3 жил биш 1 жил болоод дахин солих шаардлага үүсдэг. Энэ бүх зүйлд анхаарал хандуулж цаашдаа бид хиймэл эрхтэн протезийн үндэсний үйлдвэрүүдээ хөл дээр нь босгох энэ чадавхийг бий болгох ёстой юм байна гэж харж байна.      

      Энэ төслийн үйл ажиллагааг зохион байгуулахаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ЭМЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Энэтхэг-Монголын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвөөс нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том баг ажиллаж байгаа юм. Бид Энэтхэг Монголын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвийн эмч, Анагаах ухааны доктор Х.Жамбалмаатай уулзаж төвийнх нь талаар асууж сонирхсон юм.

Х.Жамбалмаа: Манай төв нь Энэтхэг Монголын хамтын ажиллагааны төв гэж байгууллага. 2019 онд байгуулагдсан. Бид Энэтхэгийн хамгийн шилдэг эмнэлгүүдэд Монголд эмчлэгдэхгүй байгаа хүнд өвчтэй хүмүүсийг явуулж туслах үйлчилгээ үзүүлдэг. 2023 онд Энэтхэг улсаас элчин сайдаар ажиллаж байсан Сингх гэж хүн байсан. Тэрээр хэлэхдээ манай улсад “Жайпур фут” гээд ашгийн бус ийм байгууллага байдаг. Хүмүүнлэгийн төслийн хүрээнд хүмүүст үнэ төлбөргүй протез хийх үйл ажиллагаа явуулдаг. Танай улсад ийм хэрэгцээ шаардлага байвал энэ төслийг оруулж ирье гэж анх хэлсэн. Ингээд бид 2023 оноос хойш судалгаа хийгээд 700 гаруй хүн бүртгэсэн. Тэрнээс нийтдээ 650 хүн хиймэл хөл гар хийлгэхээр болж байна. Ер нь манай улсад аюул осол гэмтэл маш их байна. Үүнээс улбаатай хөл гараа тайруулах осол гэмтэл их учирдаг. Хүний амьдрал эрүүл мэндийн байдал маш их тасалдаж, хэцүү байдалд ордог. “Жайпур фут” гээд байгууллага Энэтхэг даяар төдийгүй олон улсад явж хүмүүст хиймэл хөл гар хийж өгдөг ийм байгууллага юм. Монгол Улс Энэтхэг Улсын хоорондын хамтын ажиллагаа, Энэтхэгийн Засгийн газрын Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хийгдэж байгаа энэ төсөлд хамрагдаад бүрэн бүтэн сайхан хөлтэй болох боломж бүрдэж байгаад баяртай байна. Протез хийлгээд эрүүл, бүтэн болох боломж олгож байгаа нь үнэхээр сайхан хэрэг. Бид нар өөрсдөө оролцож байгаадаа бас их баяртай байна. Энэтхэгийн талын бүх хүмүүстээ талархаж байна. Шулуухан хөл биш босож, сууж, явж болдог, үеэрээ хөдөлдөг хөнгөн эвтэйхэн хөлтэй эрүүл саруул болоод буянаа улам дэлгэрүүлж яваарай гэж төсөлд хамрагдсан хүмүүстээ хүсье.

    Өнгөрсөн 69 жилийн хугацаанд Монгол, Энэтхэгийн харилцаа тууштай хөгжиж, бүхий л салбарт өргөжин тэлж байгаагийн нэг тод томруун жишээ нь энэхүү Хүмүүнлэгийн салбарт хэрэгжиж байгаа “Жайпур фут” төсөл билээ.

 

Үзсэн: 2985

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна