“Жайпур фут” төслөөр хөгжлийн бэрхшээлтэй 650 хүнд хиймэл гар, хөл үнэ төлбөргүй хийж өгч эхэллээ
Энэтхэг-Монголын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвийн 60 гаруй хүн тус төслийг хэрэгжүүлэхээр нэг баг болон ажиллаж байна
БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж, “Жайпур фут” төслөөр хөгжлийн бэрхшээлтэй 650 хүнд хиймэл гар, хөл үнэ төлбөргүй хийж өгч эхэллээ. Манай улс энэ төслийг хэрэгжүүлж буй 45 дахь орон болж байна. “Жайпур фут” төслийн багийн ахлагч Сатиш Чанд Мехта, "Хиймэл хөл, гар хийх технологи байнга шинэчлэгддэг. Энэ арга туршлагаасаа танай улсын протез, ортопедийн үйлдвэрийн ажилтнуудад зааж, мэргэжлийн зөвлөгөө өгөхөд бэлэн" гэжээ. Монгол Улсад 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байдгийн 21 мянга гаруй нь хөдөлгөөний бэрхшээлтэй аж. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд нөхөн сэргээх үйлчилгээг тухай бүр авч чаддаггүй, протез, ортопедийн үйлдвэрийн үйлчилгээний хөлс өндөр, нийгмийн халамжийн сангаас гурван жил тутамд протез, ортопедийн үйлчилгээний хөлс олгодог ч чирэгдэл их зэрэг бэрхшээлийг ярьж байв. Энэтхэг-Монголын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвийн 60 гаруй хүн тус төслийг хэрэгжүүлэхээр нэг баг болон ажиллаж байна.
Үзсэн: 2880
Tweet