Гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо
Энэ жил АНУ, Австрали, Их Британи, Канад, Герман, Франц зэрэг 17 улсын их дээд сургуульд 245 оюутан суралцахаар явж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөртөө амжилттай хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оюутан залуусыг үдэх ёслолд оролцож, сурлагын өндөр амжилт хүсэн Төрийн далбаа дурсгав. Ерөнхийлөгч, эрдэм ном, хичээл сургуульдаа шамдан суралцаж, эрдэмтэн багш, эцэг эх, гэр бүл, анд нөхдийнхөө итгэл сэтгэлийг дааж, бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэн, сурч боловсрохын их хүсэл тэмүүллээр жигүүрлэн эрдмийн их аяндаа мордож буй залууст чин сэтгэлийн халуун баяр хүргэлээ. Манай улс жил бүр шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байна. Энэ жил АНУ, Австрали, Их Британи, Канад, Герман, Франц зэрэг 17 улсын их дээд сургуульд 245 оюутан суралцахаар явж байна. “Ерөнхийлөгчийн илгээлт- 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 516 оюутан залуус 16 улсын их сургуульд суралцаж байгаа юм.
Үзсэн: 2869
Tweet