Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска нарыг хүлээн авав
Монгол Улс, НҮБ болон түүний системийн байгууллагуудтай олон талт, үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирснийг цохон тэмдэглэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска, Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой санхүүжилтийн төвийн эдийн засагч Номан Иштиак болон албаны бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, НҮБ болон түүний системийн байгууллагуудтай олон талт, үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирснийг цохон тэмдэглэв. УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд байгуулагдсан парламент дахь Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүн, үйл ажиллагаа нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын биелэлтийг хурдасгахад хэрхэн уялдаж, дэмжин ажиллах боломжтой талаар байр сууриа илэрхийлсэн юм. Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска, хүний эрх, жендэрийн тэгш байдал, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч гэхчилэн хамтын ажиллагааны онцлох чиглэлд өөрсдийн оролцоо, туршлагаар дамжуулан үлэмж хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав. Түүнчлэн Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээг төлөвлөх, түүнд хүрэх замын зураглалыг тодорхойлох, бодлогын уялдааг хангах чиглэлээр харилцан дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа уламжиллаа.
Үзсэн: 2428
Tweet