Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 21-11-2024
монгол

Шинэ мэдээ

Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов бараалхав


Densmaa 2024-08-13 12:08

Эгийн голын УЦС барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын шинжээчдийн хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхээр тохиролцов

      Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов бараалхав. Талууд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, иж бүрэн стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаанд тулгуурлан улам бэхжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны зургаадугаар сард Монгол Улсын Их Хурлын сонгууль болж өнгөрснийг тэмдэглээд, сонгуульд олонхийн суудал авсан МАН, Ардчилсан нам болон ХҮН намтай хамтран Засгийн газраа эмхлэн байгуулсан нь Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны уламжлал, эрч хүчийг хадгалахад чухал болохыг онцлон тэмдэглэв. Мөн “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаарх хэлэлцээг ойрын хугацаанд эцэслэж, байгуулахаар ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэлээ. Хоёр тал Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ оны 12 дугаар сард багтаан байгуулах, ДЦС-3-ыг өргөтгөн шинэчлэх ажлыг эрчимжүүлэх, Эгийн голын УЦС барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын шинжээчдийн хамтарсан судалгааны ажлын хэсгийг байгуулах, ОХУ-д суралцах Монголын оюутнуудын квотыг тогтоох, нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг гаргах зэрэг асуудлаар санал бодлоо солилцов. Түүнээс гадна хоёр талын уул уурхай, эрчим хүч, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхээр тохиролцов.

Үзсэн: 7141

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна