Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Манало монголд айлчиллаа
Манай хоёр улс боловсрол, аялал жуулчлал, хөдөө ахуй, уул уурхай зэрэг бусад салбарт хамтран ажиллах сонирхолтой байна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад хийсэн Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Манало-гийн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хөндөн ярилцлаа. Тодруулбал, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад чиглэж байгааг хоёр тал тодотгон илэрхийлсэн. Филиппин улс манай улсад гамшгийн эрсдэлийг бууруулж, даван туулахад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжаас гадна боловсрол, аялал жуулчлал, хөдөө ахуй, уул уурхай зэрэг бусад салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Тэр дундаа эдийн засаг, бизнесийн харилцааг дэмжин өргөжүүлэх талаар ярилцсан юм. Одоогоор хоёр улсын хооронд 2023 оны эцсийн гүйцэтгэл дүнгээр 6.2 сая ам.долларын худалдаа хийгээд байна. Филиппин улсаас 2021 оноос хойших хугацаанд Монгол Улсад 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг сайжруулах талаар айлчлалаар хөндөн тохиролцсон юм. Одоогоор хоёр улсын иргэд 21 хоног хүртэлх хугацаанд харилцан визгүй зорчиж байгаа юм.
Үзсэн: 4793
Tweet