Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргав
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зил-130 загварын ЗА 70-10 улсын дугаартай ачааны автомашиныг 50 метрийн гүнээс нийт 56 цаг ажиллаж амжилттай татан гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У. Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Агьтын хил гэдэг газрын орчимд үргэлжилж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зил-130 загварын ЗА 70-10 улсын дугаартай ачааны автомашиныг 50 метрийн гүнээс нийт 56 цаг ажиллаж амжилттай татан гаргалаа. Тухайн ачааны машин нь мөсөн тээврээр бөс, бараа материал тээвэрлэж яваад 1989 оны нэгдүгээр сард Агьтын хил орчимд живсэн байжээ. Хөвсгөл нуурт 28 тээврийн хэрэгсэл живсэн гэсэн судалгаа гарчээ. Татан гаргах ажиллагааны хүрээнд, 1985 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг 2021 онд, найман тээврийн хэрэгслийг өнгөрсөн жил татан гаргаж 34,7 тонн бохирдол аюулгүй болгожээ. Энэ онд 2 тээврийн хэрэгсэл татан гаргасан бөгөөд живсэн тээврийн хэрэгсэл бохирдлыг бүрэн цэвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
Үзсэн: 2422
Tweet